Даваажаргал Номын мэргэжилтэн
Дадлыг заавал нэг арга барилаар биш амьдралынхаа хэв маягтай нийцүүлэн өөрчилж, өөрт амар байдлаар хэрэгжүүлэх нь илүү тууштай байдлыг нэмэгдүүлдэг байх гэж боддог.
Өнөөдрийн таныг бий болгоход хамгийн их нөлөөлсөн дадал юу вэ?
Би жоохон хүүхэд байхаасаа л ном унших дуртай байсан. Нэг сонирхолтой ном эхлүүлчих юм бол салж чадахгүй уншдаг. Бүр аав ээж 2 маань намайг 00 руу ороход хүртэл номтой орж байна уу үгүй юу гэдгийг маань шалгадаг байсан. Ном унших дадал маань яг одоо миний мөрөөдлийн ажлаа хийхэд маань тусалсан юм болов уу гэж боддог. Хэцүү зүйлийг энгийнээр тайлбарлах дуртай маань ч хүртэл номтой холбоотой.
Энэхүү дадлаа хэрхэн өдөр тутмынхаа нэг хэсэг болгож тууштайгаар хэрэгжүүлж байгаа вэ?
Дандаа ном авч яваад байлгүйгээр заримдаа гадуур алхах үедээ ч юм уу эсвэл ном гаргаж ирээд унших боломжгүй нөхцөлд аудио ном сонсдог. Дадлыг заавал нэг арга барилаар биш амьдралынхаа хэв маягтай нийцүүлэн өөрчилж, өөрт амар байдлаар хэрэгжүүлэх нь илүү тууштай байдлыг нэмэгдүүлдэг байх гэж боддог.
Шантраад эсвэл нэг л эвээ олж өгөхгүй больж байсан дадал байгаа юу?
Уншиж байгаа номнууд дээр маань төлөвлөхийн давуу тал, үр шимийн тухай маш их гардаг болохоор аливаа ажлуудаа төлөвлөөд түүнийхээ дагуу амьдрахыг хүсдэг ч маш олон удаа бүтэлгүйтэж байсан.Гэхдээ Монголд юм төлөвлөж, ажил хэрэг болгох маш хэцүү байдаг тул хэд хэдэн удаа шантарч байсан удаа бий. Японд хэдэн сар амьдрахад төлөвлөгөөнийхөө дагуу амьдраад болж байсан болохоор зарим нэгэн дадал бидний буруугаас биш хүрээлэн буй орчин, улс орны хүмүүсийн амьдралын хэв маягаас болж биднийг шантраадаг юм шиг санагддаг.
Нийгэмд эмэгтэй хүний оролцоог ямар байгаасай гэж бодож байна?
Монголд мундаг эмэгтэй хүмүүс маш их байдаг. Нөлөөлөх чадвар, хийж бүтээж байгаа зүйлс нь эерэг, сайхан байдаг ч тэр хүмүүст нийгмээс ирж буй сөрөг сэтгэгдлүүд нь л муухай санагддаг. Зарим тохиолдолд тухайн хүний хийж бүтээж байгаа зүйл биш гаднах төрх, өмссөн хувцас, биеийн галбираар нь шүүмжилдэг хүмүүс бас бишгүй олон. Үүнээс улбаалаад эмэгтэй хүмүүс шантрах, нөлөөлөх чадвар нь замхарчихдаг юм болов уу гэж боддог. Тиймээс хийж бүтээж байгаа нэгнээ зөвөөр шүүмжилж, дэмжиж байгаарай гэж хэлмээр байна.