Зөвлөмж

Та хэзээ хамгийн сүүлд ээж аавруугаа залгасан бэ?

Written by HabiDo | 13/10/21 01:43

Сүүлд хэзээ ээж аав руугаа залгасан бэ? Өнөөдөр, өчигдөр, өнгөрсөн долоо хоногт эсвэл санахгүй байна уу? 

Өдөр тутмын завгүй ажиллах амьдралын хэв маягаасаа шалтгаалан ээж аавдаа санаа тавих хугацаа хомс байж болох ч утасны дуудлага хийх цаг завыг гаргадаг байгаарай.

Амар мэндийн асууж залган, энгийн нэг утасны дуудлага хийж байгаа ч энэ нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, илүү урт удаан амьдрахад нь туслах таны хийж чадах энгийн зүйлсүүдийн нэг юм.

Хүүхдүүдийнхээ төлөө хүчтэй байх хэрэгтэй байдаг тул бидний л адил эмзэг мэдрэмтгий гэдгийг бид мартдаг. Ганцаардал, сэтгэл гутрал, болон уйтгар гуниг нь бидэнд ч гэлтгүй ээж аавуудад маань тохиолддог сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд гэдгийг санаарай. 

Америкад хийгдсэн судалгаагаар хүүхдүүдтэйгээ болон гэр бүлийн бусад гишүүдтэйгээ холбоотой байгаа ээж, аавуудын сэтгэл гутралд өртөх эрсдэл харилцаа холбоогүй байдаг ээж, аавуудаас илүү бага байсан байна. Мөн 70-с дээш насны ахмадуудын хувьд гадуур гарч нийгмийн амьдралд оролцох нь багасан, шинэ найз нөхөдтэй болох боломж хомс мөн эрүүл мэндийн шалтгаан улмаас ахмад настнууд гэртээ илүү их цагийг өнгөрөөдөг тул дээрх дурдсан сэтгэл зүйн асуудлуудад өртөх эрсдэл улам нэмэгддэг байна. Хүн нийгмийн амьтан тул бусадтай харилцах хэрэгцээ ямагт байдаг тул цаг гарган тогтмол залгаарай. 

Ойрын хугацаанд амьдралд нь болсон зүйлсийн талаар, сэтгэл санаа нь ямархуу байгаа талаар, юунд санаа зовж, эсвэл баяртай байгаа талаар гээд амьдрал, бие  махбод болон сэтгэл зүйд нь юу болж байгаад нь санаа тавин залгаж яриарай.   

  • Утсаар ярьж байхдаа өөр зүйлсэд анхаарлаа хандуулахгүй байхыг хичээгээрэй.
  • Ярьж байгаа зүйлсийг нь таслахгүй сонсож, үзэл бодлоо хуваалцаарай. 
  • Хайртай гэж хэлэхээ бүү мартаарай. 

Энэ цаг хугацаа дахиж олдохгүй гэдгийг санаарай.