Зөвлөмж

Усанд сэлэх нь тархины хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Written by HabiDo | 18/11/22 06:25

Устай ойр байх нь бидний сэтгэл санааг ихээхэн тайвшруулдаг. Ус бидний дархлааг дэмжиж, сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болохыг усан спортын тамирчдыг судлан тэдний эрүүл мэндийн байдал болон сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг үндэслэн  тогтоосон байдаг.  Судалгаагаар устай ойрхон байх нь сэтгэл зүйн сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлдөг талаар дараах баримтуудыг хэлжээ.

1.Аз жаргалын даавруудыг нэмэгдүүлнэ.

Усанд сэлэх, ер нь л бүх төрлийн дасгал хөдөлгөөн нь бидний тархинаас ялгардаг аз жаргалын даавруудын нэг болох “эндорфин”-ий ялгарлыг ихэсгэж байдаг. Энэ даавар нь бидний баяр хөөртэй байлгахад туслахын дээр сэтгэл санааны тайван байдлыг нэмэгдүүлдэг. Зарим судалгаанд усанд сэлэх нь стрессийг бууруулдаг болохыг ч дурдсан байдаг.

2. Тархины хөгжлийг дэмжинэ.

Тархин дах цусны эргэлт сайн байх нь толгой өвдөхөөс сэргийлж , ой тогтоолт сайн байх зэрэгт нөлөөлдөг. Харин усанд байх нь цусны эргэлтийг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцогчдыг цээжээр татах хэмжээний усанд оруулж дараа нь усанд сэлүүлж тархин дах хүчилтөрөгчийн хэмжээ болон мэдрэлийн эсүүдийн идэвхжлийг хэмжихэд эерэг үр дүн гарсан байснаас үндэслэн ус тархины хөгжилд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

3. Сэтгэл гутралаас сэргийлнэ.

Хүйтэн усанд сэлэх нь сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг бууруулдаг байна. Үүний цаад учир нь хүйтэн усанд орсноор хүний бие бага хэмжээний цочролд орж сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал зэрэгт идэвхтэй хариу үйлдэл үзүүлдэгт оршиж байгаа юм.

4. Цэнхэр өнгөний тайвшруулах нөлөө

Цэнхэр өнгөний тухай бодоход хамгийн түрүүнд юу санаанд чинь орж байна? Тэнгэрийн цэнхэр өнгө, далайн цэнхэр өнгө нь биднийг тайвшруулж бодол санаагаа цэгцлэхэд тусалдаг. Устай ойрхон байх эсвэл усан доор байх нь баяр хөөртэй мэдрэмж төрүүлдэг ба биеийн эрүүл мэнд сайн байхад хөшүүрэг болдог.  Хаа нэгтээ Биофилиа гэдэг үгийг сонсож байсан уу? Байгальд гарах дуртай хүмүүсийг ийнхүү нэрлэдэг. Тэгэхээр хүн өөрөө байгалийн амьтан учраас байгальд ойр байх тусмаа сэргэж, эрч хүчтэй тайван болдог гэнэ шүү.

5. Биеийг галбиржуулахад тусална.

Сэлэх үед хүний биеийн бүх булчингууд зэрэг ажиллахаас гадна зүрх судасны үйл ажиллагаа идэвхждэг байна. Ийнхүү биеийн булчингууд зэрэг ажилласнаар илчлэгийг илүүтэй шатааж биеийн жингээ хасаж галбиржихад туслахын дээр зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг тул усанд сэлж биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаараарай.