Чанартай цаг гэдэг нь бие биедээ талархаж, хайр сэтгэлээ илэрхийлж, харилцаа холбоо, дотно байдлыг нэмэгдүүлэхийн тулд хамтдаа цагийг ухаалгаар өнгөрөөх явдал юм. Энэ нь зөвхөн нэг өрөөнд нэгэн зэрэг суух биш, бие биедээ болон харилцаандаа цаг гаргахыг хэлнэ.
Цаг хугацаа өнгөрөх тусам хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа багасаж магадгүй бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Хувийн орон зайтай байх, өөртөө цаг зарцуулах нь эрүүл урт хугацааны харилцаанд зайлшгүй шаардлагатай бөгөөд хамтрагчийнхаа хувийн орон зайг хүндэлж, ойлгох нь тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Завгүй амьдралд бид хоногийн 24 цаг үргэлж хамтдаа байж чадахгүй бөгөөд хамт байх хэсэгхэн хугацаагаа зөвхөн бие биедээ зориулж, бие биеэ илүү сайн мэдэх, итгэлцлийг бий болгох, мэдрэмжээ хуваалцах, ойр дотно байдлаа нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулаарай.
Хайртай хүндээ чанартай цагийг гаргаснаар урт хугацаанд бат бөх харилцаатай байх, хамтдаа хөгжилтэй байх, нэг нэгнийхээ тухай мэдэхгүй зүйлсээ мэдэж авах, зөрчилдөөнийг шийдвэрлэх зэрэг олон давуу талтай.
Хэрхэн хайртай хүндээ чанартай цаг гаргах вэ?
Хамтрагчийнхаа хайрын хэлийг ойлгож, өөрийн хайрын хэлийг танин мэдэх нь дотно харилцаанд олон эерэг нөлөөтэй. Ингэсэн цагт хайр дурлалын харилцаа илүү эерэг бас тухтай мэдрэмж төрүүлнэ.Хайртай хэн нэгэндээ дараах байдлаар чанартай цагийг гаргаарай.
Хайртай хүнтэйгээ байхдаа анхаарлаа бүрэн хандуулах.
Чанартай цагийн үеэр хайртай хүнийхээ нүд рүү нь харах нь хамгийн чухал бөгөөд энэ нь таныг хамтрагчдаа бүрэн анхаарлаа хандуулж буйг илтгэнэ. Түүнчлэн нүд рүү харж ярих нь тэр хүнд хайрлагдсан, хамгийн чухал хүн гэх мэдрэмжийг төрүүлдэг байна. Харин энэ үед утас, зөөврийн компьютер зэрэг цахилгаан хэрэгсэл оролдохоос зайлсхийгээрэй.
Шүүмжлэлгүй сонсоорой.
Шүүмжлэхгүй сонсох нь бидний хайртдаа хийж өгч чадах хамгийн энгийн хирнээ хайр татам үйлдэл юм. Гэвч ихэнх хүмүүс өөрийн бодлыг илэрхийлэх эсвэл сонсохоос залхсанаасаа болоод яриаг дундуур нь таслах гэх мэтээр хамтрагчийнхаа урмыг хугалдаг. Заримдаа хамтрагч тань танаас шийдэл бус зүгээр л үгийг нь дуустал сонсохыг хүсдэг гэдгийг санаарай.
Одоодоо төвлөрөх.
Хэрэв таны хайртай хүний эсвэл таны хайрын хэл тань чанартай цаг гаргах бол одоо цагтаа төвлөрөх нь хүндлэл, ойлголцлыг бий болгоно. Одоодоо төвлөрөх нь ирээдүйн тухай санаа зоволтыг багасгах, өөрийн бодол санааг хамтрагчдаа бүрэн ойлгуулахаас гадна хамтрагчийнхаа үзэл бодлыг сонсох, хамтдаа зугаатай байхад туслах юм шүү.