Зөвлөмж

Хосын харилцаанд сэтгэл зүйгээ бэлдэх нь

Written by HabiDo | 03/02/23 05:38

Бусадтай хуваалцаж болох  хамгийн үнэ цэнтэй зүйл бол цаг хугацаа, анхаарал халамж болон хүсэл мөрөөдөл юм. Хосууд хамтдаа харилцаагаа усалж тордож байж хайр урт удаан хугацаанд бат бөх байх учир хичээл зүтгэл гаргаж анхаарал халамжийг өөрсдийн үг үйлдлээрээ үзүүлэх нь чухал юм. Гэтэл бид хосын харилцаанд сэтгэл зүйгээ бэлдээгүйн улмаас алдаа гаргах нь их байдаг.

Тэгвэл хосын харилцаанд хэрхэн сэтгэл зүйгээ бэлдэх вэ?

Өөртөө байхгүй зүйлийг бусдаас хайхгүй байх.

Бид зарим тохиолдолд хамтрагчаасаа хэтэрхий их зүйлсийг хүсэн хүлээдэг шүү дээ. Гэтэл бид өөрсдөө бусдаас шаарддаг шигээ төгс байж чаддаг болов уу? Бид заавал төгс, бүх зүйлийг чаддаг байх албагүй гэдгийг санаж өөрсдийгөө хүчлэлгүй бас бусдад өндөр шаардлага тавихгүй байх нь эрүүл харилцаатай байхад тусална.

Өөрийн болон хайртай хүнийхээ хайрын хэлийг таньж мэдэх.

Өөрийнхөө болон хосынхоо хайраа яаж илэрхийлж буйг, юуг хайрлаж байна гэж ойлгодог, юунаас хайр мэдэрдэг вэ гэдгийг нь эртхэн мэдчихвэл та хоёрын харилцаа илүү бат бөх байхаас гадна бие биеэ хэрхэн илүү хайрлах вэ гэдгээ ойлгоно.

Сэтгэл хөдлөлдөө автахгүй байх.

Гэрлийн хурдаар эхэлсэн харилцаа гэнэт дуусах нь их. Тиймээс хэн нэгэнтэй харилцаагаа эхлүүлж буй бол хэн хэндээ орон зай, хугацаа олгож, уужуу тайван байж сурах хэрэгтэй юм шүү.

Үнэнч байх.

Би чамд итгэж байна гэсэн үгэндээ, хайртай шүү гэсэн харцандаа, бие биеэсээ юу мэдэрч буйдаа хүртэл үнэнч байх нь чухал. Нэгэнт л хайртай гээд хосын харилцаанд орсноос хойш өөрийгөө болон хамтрагчаа хуурч амьдрах болон худлаа бүхнийг үнэн гэж итгэн хоржоонтой тоглоомоор ханатлаа тоглох шиг хэрэггүй зүйл байхгүй шүү дээ.

Бусдыг хайрлахаасаа өмнө та бас өөрөө, сэтгэл зүйн хувьд эрүүл, өөрийгөө ойлгож таньсан, өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрладаг байвал бусдыг ч мөн чин сэтгэлээсээ ойлгож, хайрлаж чадах нь шүү. Тиймээс өөрийгөө хайрлах нь нэн чухал гэдгийг санаарай.