Бие махбод өдрийн турш бидний идсэн зүйлсийг энерги болгон хувиргаж, хэрэгтэй шим тэжээлийг биеэр тараан зөөвөрлөдөг бол тархи өдрийн туршид толгой дотор эргэлдсэн бодол, орж ирсэн шинэ мэдээллийг ой тогтоолт руу шилжүүлж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ үйл явц удааширч эхэлдэг буюу бие махбод хоолыг боловсруулах, стрессээ хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байх гэх мэт. Энэ нь таны гал тогоо эсвэл угаалгын өрөөний хоолойнууд анхандаа болор шиг цэвэрхэн, ямар ч хог хаягдалгүй байхтай төстэй ба нэлээдгүй хэрэглэсний дараа дотор нь хог, бохир хуримтлагдаж эхэлдэг. Тэдгээр хоолойнуудыг үе үе цэвэрлэхгүй бол бөглөрч эхэлдэгтэй адил бид хэсэг хугацаанд бие болоод сэтгэл санаагаа цэвэрлэж тогтворжуулах шаардлага гардаг. Бие болон сэтгэлээ тогтмол цэгцэлж байх нь ихээхэн ашиг тусыг өгдөг ба сэтгэл санаа болон бие махбодоо нөхөн сэргээх, цэнэглэх, хэвийн үйл ажиллагаандаа урьд өмнөхөөсөө илүү хүчтэйгээр эргэж ороход тусалдаг аж. Орчин үеийн завгүй амьдралд өөртөө анхаарах нь өөрийгөө хайрлаж буйн нэг жишээ бөгөөд өнөөдрөөс эхлэн бие махбод болон сэтгэл санаагаа цэгцлэх аргуудыг туршаад үзээрэй.
Дижитал ертөнцөөс хөндийрөхТехнологи болон дижитал ертөнцөөс хөндийрөх нь олон давуу талтай ба хэрэв чи үргэлж утсаа оролдож явдаг бол энэ хөндийрөл нь чиний сэтгэл зүйн сайн сайхан байдалд сайнаар нөлөөлнө. Электрон зүйлсээ багасгах эсвэл бүр хөндийрөх нь стрессийг бууруулахын зэрэгцээ бие махбодын ядаргааг бууруулдаг болох нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоогдсон байна.
Харин эдгээр төхөөрөмжүүд болох зурагт, зөөврийн болон суурин компьютер, гар утаснаас хэрхэн хөндийрөхөө мэдэхгүй байвал бүтэн өдрийн туршид тэдгээрийг тогонд залгахгүй эсвэл асаахгүй байж болно. Энэ нь боломжгүй мэт санагдаж болох ч өдрийн төгсгөлд чи үр дүнг нь мэдрэх болно.
Бусадтай харилцаа үүсгэхБид найз нөхөдтэйгөө уулзах, ажил хичээлээ хийх зэрэгт үргэлж цахим сүлжээг ашигладаг. Гэтэл заавал цахим сүлжээ шаардахгүйгээр хийгддэг зүйлсийн тухай судлах хэрэгтэй. Цахим сүлжээ болон гар утас гэх мэтийг шаардахгүй зүйлд тайвшруулах йога хичээлд явах,зочны өрөөндөө амьсгалын дасгал болон сунгалтын дасгал хийх гэх мэт.
Өдрийн тэмдэглэл хөтлөхӨдөрт тохиолдсон үйл явдлуудынхаа тухай бичих нь бодлоо цэгцлэх, тархиа амраахад тусална. Өөрөөр хэлбэл дотроо байгаа олон бодлуудаа цаасан дээр буулгах нь шөнө бат бөх унтах, өөрийн асуудлыг ойлгох, түгшүүрээ багасгахад хөшүүрэг болно. Мэдрэмжээ илэрхийлж бичих нь сэтгэл хөдлөлөө удирдах, өөртөө төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ.
Шүршүүрт орохБие, сэтгэлээ сэргээх өөр нэг арга бол шүршүүрт орох явдал юм. Шүршүүрт орохдоо халуун, хүйтэн усыг ээлжлэн урсгах нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, өдрийн туршид эрч хүчтэй байлгах арга гэж эмч нар зөвлөдөг байна. Эхлээд халуун бүлээн усаар биеэ угаасны дараагаар 2-3 минут хүйтэн усанд зогсох нь тухгүй байж болох ч биеийн булчингуудыг чангалж сэргээж өгнө.
Сэтгэл санаа, бие махбодоо цэвэрлэх янз бүрийн аргыг туршиж үзэх нь сэтгэл сэргэж, эрч хүчтэй болох сайхан арга юм. Гэсэн хэдий ч эдгээр аргууд нь өөрийгөө хайрлахын эхлэл тул хангалттай унтаж амрах, тогтмол биеийн тамирын дасгал хийх болон өөрийгөө хайрлах бусад аргууд нь таныг илүү хүчтэй, эрүүл, илүү урам зоригтой байхад тань туслах урт хугацааны стратеги гэдгийг битгий мартаарай.