Зөвлөмж

Яагаад бясалгал хийх хэрэгтэй вэ?

Written by HabiDo | 13/10/21 01:40

Хүн бүрт ижилхэн нэг хүсэл байдаг гэвэл тэр нь аз жаргалтай, тайван сайхан амьдрах явдал гэж хэлж болох байх. Гэвч бид тайван, жаргалтай байдлыг яг зөв газраас, зөв зүйлээс эрж хайдаг болов уу? Бясалгалчдын хэлдгээр бидний оюун санаа, бодол цэгцтэй, одоодоо төвлөрч чаддаг байж гэмээ нь дотоод амар амгаланг илүү мэдрэх боломжтой гэдэг. Үүний тулд л бид бясалгал хийх хэрэгтэй юм.

Бясалгалаар дамжуулж бид илүү амар тайван, стресс багатай, илүү төвлөрөл сайтай, аливаад анхааралтай болж, хэрэгтэй хэрэггүй асуудлуудад санаа зовох байдал багасч, өөрийнхөө болон бусдын тухайд илүү эерэг бодолтой байж, хамгийн сонирхолтой нь бидэнд төрөх эерэг сэтгэл хөдлөлүүд илүү их болдог байна.

Мөн оюун бодлоо цэгцэлж, удирдаж сургадаг учраас үүнээс хамаарч бие махбодоо ч удирдах чадвар нэмэгддэг байна. Үүнд элдэв муу зуршил, аливааг хойш тавих зэрэг олон зүйлийг хамаатуулан ойлгох боломжтой.

Мэдээж хэрэг тархиа ажиллуулж байгаа тул хөгшрөлтийг удаашруулах, ой санамжийг сайжруулах, анхаарал төвлөрөлтийг ч нэмэгдүүлдэг. Ингэснээр бидний бүтээмж хамаагүй ихээр сайжрах нэг нөхцөл болдог.

Эцэст нь бясалгал бидэнд аз жаргал мэдрүүлэх дааврын хэмжээг ихэсгэж, ганцаардахгүй, илүү сэтгэл хангалуун амьдрах тамир тэнхээг өгч байдаг ажээ.