Зөвлөмж

Өөрийгөө хайрлахын ач тус

Written by HabiDo | 24/10/22 06:38

Өөрийгөө хайрлах, өөртөө хайртай байх гэх мэт үгсийг бид хааяахан хэн нэгнээс сонсож, өөрийгөө хэрхэн хайрлах тухай мэдээлэл уншдаг ч хэрэгжүүлэхгүй байх нь их.  Ихэнх хүмүүсийн өөрийгөө хайрлахтай холбоотойгоор хийж буй үйлдлүүд нь халуун ваннд хэвтэх, дуртай юмаа идэх гэх мэт байдаг. Эдгээр нь өөрийгөө хайрлаж буйн нэг хэлбэр байж болох ч сэтгэл санаа, оюун ухаан, бие махбод, сэтгэл хөдлөлийн хэрэгцээгээ хангах, тогтвортой байх, өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хайрлах гэдэг ойлголтод багтана. Гэсэн хэдий ч өөрийгөө хайрлахыг өөрийн дадал зуршил болгох нь маш чухал. Хэрвээ хийж буй үйлдлүүд тань улам стресст автуулж, хийхэд хэцүү болж, цаг хугацаа хөрөнгө мөнгө их шаардаад байвал энэ нь үр дүнтэй байж чадахгүй юм. Өөртөө анхаарал халамж тавьж өөрийгөө хайрлах нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралыг багасгах, стрессийг бууруулах, аз жаргалыг нэмэгдүүлэх гэх мэт давуу талтай. Өөрийгөө хайрлах аргуудыг тогтмол хэрэгжүүлэх нь өөрчлөлтөд дасан зохицох, бат бөх харилцаа тогтоох, асуудлыг даван туулахад тусална. Өөрийгөө хэрхэн хайрлахаас таны сэтгэл зүйн эрүүл мэнд ямар байх нь тодорхойлогдоно гэж бодвол гайхалтай биш гэж үү.

Өөрийгөө хайрлах аргууд

1. Биеэ хайрлах

Биеийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаарал хандуулах нь өөрийгөө хайрлаж буйн нэг хэлбэр ба хангалттай нойр авах, тэжээллэг хоол хүнс идэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийн булчингуудаа ажиллуулах зэргээр биеийн эрүүл мэнддээ анхаарч болно. Хэрэв дасгал хийх цагаа мартдаг, тогтмол цагт унтаж амарч чаддаггүй бол дадлын төлөвлөгөө үүсгэж болно.

 2. Сэтгэл санаагаа хайрлах

Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нэн тэргүүнд тавихаас сэтгэл санаагаа хайрлах эхэлнэ. Өөрийгөө юу мэдэрч буйд анхаарлаа хандуулж, мэдрэмжээ хуваалцаж, таагүй нөхцөл байдал орчноос гарах, үгүй гэж хэлж сурах, зарим нэг хил хязгаарыг тогтоох зэргээр өөрийн сэтгэл санаагаа хайрлаж болно.

3. Оюун ухаанаа хайрлах

Өглөө босоод, орой унтахаасаа өмнө өөртөө цаг гарган бясалгах нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд болон анхаарал төвлөрөлт,оюун ухаан сэргэг байх зэрэгт нөлөөлнө. Бид өөрсдөө ч мэдэлгүй уур бухимдал, стресс гэх мэт сөрөг энергийг дотроо хадгалсаар байдаг. Хэрэв тэдгээрийг биеэсээ гадагшлуулахгүй удаан явбал бодлоо цэгцлэхэд асуудал тулгарна. Хэрэв оюун ухаанаа хэрхэн цэгцлэх талаар мэдэхгүй байвал бясалгал хийх, мэдрэмжийн тэмдэглэл хөтлөх зэргийг туршаад үзээрэй.

Өөрийгөө хайрлан халамжлах маш олон аргууд байдгаас өөрт хамгийн тухтайг сонгон хэрэгжүүлэх нь чухал. Зарим талаараа танд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй үед өөртөө анхаарлаа хандуулж, өөрийгөө хайрлах нь заавал бусдаас тусламж авахгүйгээр асуудлаа даван туулах сайн алхам болж чадна. Өөрийгөө хайрлах дадлыг өөртөө хэвшүүлэн амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулж амьдралын чанараа дээшлүүлээрэй.