Зөвлөмж

Алхах нь бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Written by HabiDo | 11/08/21 02:02

Эрдэмтдийн судалснаар хүн өдөр бүр алхах тусам улам эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг байдаг байна. Бид алхалтыг зөвхөн биеийн эрүүл чийрэг байдалд нөлөөтэй гэж боддог боловч алхалт нь сэтгэл зүйн эрүүл мэндэд ч маш чухал нөлөөтэй билээ. Алхсанаар хүний сэтгэл санаанд асар хурдацтай бөгөөд бодит эерэг өөрчлөлт бий болж байдаг. Тэр ч бүү хэл хүн хэдий удаан бөгөөд олон алхалт хийнэ төдий чинээ эрч хүч, өөдрөг, өөрийн үнэлэмж эерэг байдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаа нотолжээ. 

Алхсанаар хүн одоо цагтаа төвлөрч өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ анзаарах байдал нэмэгддэг бөгөөд энэ нь нэг төрлийн бясалгал болж өгдөг давуу талтай. Үүнээс гадна Стив Жобс, Жак Дорси зэрэг амжилттай хүмүүс өөрийн агуу санааг цэгцлэх, эцэслэхийн тулд нэлээдгүй алхдаг байжээ. Учир нь алхалт нь танин мэдэхүй, сэтгэлгээний чадварыг ч мөн дэмждэг байна. Өдрийн цайны цагаараа алхдаг хүмүүс үдээс хойш ажлаа сэргэгээр хийж, илүү анхааралтай, эрч хүчтэй байж чаддаг болохыг нэгэн судалгаа харуулсан байдаг. 

Эдгээрээс үзэхэд та илүү бүтээлч сэтгэлгээтэй, оновчтой шийдвэр гаргах чадвартай, сэтгэл зүйн дархлаа сайтай байхын тулд тогтмол алхах дадалтай байх нь зүйтэй.