Зөвлөмж

Анхлан гүйгчдийн гаргадаг түгээмэл 6 алдаа

Written by HabiDo | 16/09/24 09:56
  1. Хоол идсэнийхээ дараа шууд гүйх

    Асуудал: Хоол идсэнийхээ дараа шууд гүйх нь дотор муухайрах, цанх татах шалтгаан болдог.

    Шийдэл: Гүйлтийн мэргэжилтнүүд гүйхээс 1.5-2 цагийн өмнө хөнгөн хоол идэх, эсвэл гүйхээс 30 минутаас нэг цагийн өмнө хөнгөн зууш идэхийг зөвлөдөг.

  2. Биеэ халаахгүйгээр гүйж эхлэх

    Асуудал: Биеэ халаах дасгал хийлгүйгээр гүйж эхлэх нь гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж, гүйцэтгэлийг бууруулдаг.

    Шийдэл: Гүйхийн өмнө толгойноос эхлээд хөлийн шагай хүртэлх биеийн хэсгүүдээ хөдөлгөж 10-15 минут халаагаарай. Ингэснээр гүйлтийн турш булчингийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулна.
  3. Гүйж дуусаад шууд зогсох

    Асуудал: Гүйж байх үед зүрхний цохилт нэмэгддэг бөгөөд гэнэт зогсох нь зүрхний цохилтыг огцом бууруулж, улмаар толгой эргэхэд хүргэдэг. Мөн гүйж байгаад гэнэт зогсох нь булчин булгарах шалтгаан болдог.

    Шийдэл: Хурдаа бага, багаар бууруулж, зөөлөн шогшиж, дараа нь хэсэг алхаж гүйлтээ дуусгаарай. Гүйлтийн дараа 5-10 минут сунгалтын дасгал хийснээр булчинг булгарахаас сэргийлнэ.
  4. Өдөр бүр гүйх

    Асуудал: Өдөр бүр гүйх нь үр дүнтэй гэх ойлголт түгээмэл. Гэвч энэ нь булчин, үе мөч гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

    Шийдэл: Анхлан гүйгчид долоо хоногт 2-3 удаа гүйхийг зөвлөдөг. Гүйлт нь биед харьцангуй их ачаалал өгдөг дасгалын төрөл учир гүйлт хооронд биеэ амраах нь чухал. Завсарласан өдрүүдэд ачаалж гэмтсэн булчин, холбоос амарч, дараагийн гүйлтэд биеийг бэлдэж өгдөг.

  5. Гүйх зай болон хурдаа огцом нэмэгдүүлэх

    Асуудал: Анхлан гүйгчдийн дунд байдаг түгээмэл төөрөгдөл нь “илүү хол эсвэл илүү хурдан гүйх нь сайн” гэх ойлголт юм. Гүйхэд аз жаргалын даавар болох эндорфин ялгарч, улам их гүймээр мэдрэмжийг төрүүлдэг. Гэвч гүйх хурд болон зайгаа огцом нэмэгдүүлснээр бэртэл гэмтэл авах нэг шалтгаан болдог. 

    Шийдэл: Гүйж эхэлж байгаа бол өөрт тааламжтай хурдаар, зөөлөн шогшиж гүйхэд анхаарлаа хандуулаарай. Хэрвээ гүйх үед нэг бүтэн өгүүлбэрийг амьсгаа таслалгүйгээр ярьж чадахгүй байвал хэт хурдан гүйж байна гэсэн үг. Мөн гүйх зайгаа долоо хоногт 10 хувиас илүү нэмэхгүй байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Гүйлт нь  үe мөчинд харьцангуй их ачаалал өгдөг тул биеэ аажмаар дасгах хэрэгтэй. Хэрвээ та илүүдэл жинтэй бол эхэн үедээ алхах гүйхийг хослуулаарай. Жишээлбэл, 10 минут алхаад 2 минут гүйж, үүнийг 3 удаа давтах ба алхах хугацаагаа бага багаар багасгаж, гүйх хугацааг нэмэгдүүлж биедээ дасгаарай.

  6. Өөртөө эргэлзэх эсвэл хойш тавих

    Асуудал: Гүйж эхлэхээс өмнө “Би гүйж чадах болов уу? Зөв гүйж байгаа болов уу? Юу өмсөх вэ?” гэх мэт олон асуулт тулгардаг. “Гүйлтийн пүүзтэй болохоороо л”, “гүйчихмээр аятайхан замтай ойртохоороо л” гэж гүйхээ хойш тавьсаар байдаг.

    Шийдэл: Гүйхэд зориулалтын пүүз, зөв техник чухал ч танд зайлшгүй байх хэрэгтэй зүйл нь “гүйхээр шийдэх” юм. Хүн бүр байгалиасаа гүйх чадвартай. Иймд ЯГ ОДОО хөлд эвтэйхэн пүүзээ өмсөөд гэрийнхээ ойр орчмын явган хүний зам дагуу эсвэл ойрхон сургуулийн хөлбөмбөгийн талбайд гүйгээрэй. 

Яг одоо HabiDo апп-аа татаад гүйх дадлаа төлөвлөн, хэвшүүлж эхлээрэй. Хамгийн гол нь гүйж ЭХЛЭХ.

 

Эх сурвалж:

Ben, G. (2023) Do You Really Need To Warm Up Before A Run? The Science Is Surprisingly Clear https://marathonhandbook.com/warm-up-before-a-run/

Christine, L. (2020) 11 Common Running Mistakes to Avoid https://www.verywellfit.com/common-running-mistakes-to-avoid-2911703 

Tina, H. (2018) 6 common mistakes new runners make https://edition.cnn.com/2014/05/29/health/runners-mistakes/index.html