Зөвлөмж

Арьсаа хоёр шатлалт цэвэрлэгээгээр цэвэрлэхийн ач тус

Written by HabiDo | 22/05/23 12:00

Зуны улиралд агаарын температур нэмэгдэхтэй зэрэгцэн арьснаас ялгарах тослогийн хэмжээ нэмэгддэг. Агаарын хэм 1 градусаар нэмэгдэхэд арьснаас ялгарах тослогийн хэмжээ 10% нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Тослог ихээр ялгарахад  үүнийг багасгахын тулд хүчтэй цэвэрлэх үйлчилгээтэй угаагч хэрэглэх нь түр хугацаанд тослогийг багасгах ба энэ үед арьс өөртөө агуулж байгаа чийгээ алдах нөхцөл бүрдүүлж хуурайшуулдаг. Чийгээ алдаж байна гэсэн сигналыг авсан арьс үлдсэн чийгээ хадгалж үлдэхийн тулд илүү их тослог ялгаруулж энэ нь цаашлаад арьсыг үрэвсүүлэх шалтгаануудын нэг болох гэх зэргээр тэнцвэрт байдал алдагдаж арьсны өөрийгөө хамгаалах чадвар буурдаг. Тиймээс арьсаа зөв цэвэрлэж арьсны тэнцвэртэй байдлыг хангах нь зуны улиралд эрүүл арьсаа хадгалж үлдэхэд хамгийн ихээр нөлөө үзүүлдэг зүйлийн нэг юм.

Энэ улиралд хөлс ихээр ялгардаг нь арьс арчилгааны үе шатууд дундаас цэвэрлэгээний үе шатандаа илүү анхаарах ёстой дараагийн нэг шалтгаан юм. Зуны  халуун өдрүүдэд ихээр ялгардаг хөлс нь арьсны орчныг шүлтлэг болгодог ба энэ нь нян бактери үржих нөхцөлийг бүрдүүлж байдаг. Цаашлаад арьсыг үрэвсүүлэх нөхцөл ч болж болох юм.

Нүүр будалт хийдэггүй байсан ч зуны хурц нарнаас арьсаа хамгаалах зорилгоор байнга хэрэглэх шаардлагатай байдаг нарны тосонд агуулагддаг титаны давхар исэл (titanium dioxide), цайрын исэл (zinc oxide) зэрэг маш жижиг ширхэгтэй найрлагыг сайтар цэвэрлэхгүй байснаас арьсны нүх сүвийг бөглөж арьсны олон асуудлыг уг үндэс болдог. Гэх зэрэг шалтгаануудаас үүдэн зуны улиралд хоёр шатлалт цэвэрлэгээг илүү үр дүнтэйд тооцдог. Хоёр шатлалт цэвэрлэгээ нь эхний шатанд тосонд уусдаг бохирдлыг сайтар цэвэрлэдгээрээ дан угаагчаар цэвэрлэснээс илүү давуу чанартай юм.

Хоёр шатлалт цэвэрлэгээ хийх дараалал

1. Гараа сайтар угааж хаттал нь арчина.

2. Cleansing oil, зэргээс бага зэргийг аваад нүүрэндээ жигд түрхэнэ. 1-3минутын хугацаанд массажлана.

3. Гартаа бага зэрэг ус тосож аваад нүүрний хэсэг тус бүрээр 30 секундээс дээш сайтар массажлахад тос нь сүү шиг цагаан өнгөтэй болно. Ингэх үед эрүү болон ам тойрсон хэсэг Make-up бүтээгдэхүүн, нарны тосны үлдэгдэл үлдэх талтай байдаг. Иймээс амандаа хий дүүргэх, хэлээрээ тухайн хэсгүүдийг аль болох товойлгох гэх зэргээр нүүрний бүх хэсгийг жигд массажлан тосон цэвэрлэгчид сайн уусахаар сайтар массажлахыг хичээгээрэй.

4. Бүлээн усаар сайтар зайлна.

5. Cleansing foam гар дээрээ бага зэрэг аваад сайтар хөөсрүүлнэ.

6. Хөөсөөр нүүрээ 1 минут хүртэлх хугацаатай жигд зөөлөн массажилж угаана.  

7. Бүлээн усаар  маш сайн зайлна. 

Арьсаа чийгшүүлэх дадлыг хэвшил болгоорой 🧡