Бясалгал бол оюун ухаанаа төвлөрүүлэх эртний арга юм. Бясалгал нь тайвшрахад тусалж, стресс, түгшүүрийг бууруулж, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зэрэг ач тустай. Мөн бясалгал хийх нь зүрхний өвчлөлөөс сэргийлэх, дархлаа дэмжих зэргээр биеийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Хэрвээ бясалгалаар анх удаа хичээллэж байгаа бол гэртээ бясалгах нь хамгийн үр дүнтэй арга гэж мэргэжлийн бясалгалын багш Стефф Страусс хэлжээ.
Тэгвэл хэрхэн үр дүнтэйгээр гэртээ бясалгал хийх вэ?
Өөртөө тухтай газрыг сонгоорой.
Ямар нэг зүйл саад болохооргүй тухтай газрыг сонгох нь бясалгал хийж эхэлж гэж буй хүмүүсийн хамгийн эхний алхам юм. Заавал зориулалтын том талбай байх хэрэггүй бөгөөд өрөөний нэг булан, ор, эсвэл нэг хивсэнцэр байсан ч болох юм. Хэрэв хүсвэл хэвтэх боломжтой ба суугаа байдлаар бясалгал хийх нь унтахаас сэргийлж сэргэг байхад туслах юм шүү. Өдөр бүр нэг газраа бясалгал хийх нь эерэг дадал хэвшүүлэхэд тусалдаг гэдгийг судлаачид нотолсон тул байршлаа өдөр бүр солихоос татгалзаарай.
Сануулга тохируулах.
Өдөр бүр тогтсон цагт бясалгал хийх нь мөн адил урт хугацааны эерэг дадлыг бий болгодог ажээ. Мөн ижил цагт бясалгал хийж хэвших нь тууштай байхад тусална.
Багаас эхэл.
Бясалгал нь анхаарал төвлөрөлтийг дээд зэргээр шаардах бөгөөд нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд маш их дасгал, тэвчээр хэрэгтэй шүү дээ. Тиймээс дөнгөж эхэлж байх үедээ богино хугацааны бясалгал хийхийг зөвлөж байна. Ингэх нь илүү урт хугацааны бясалгал хийхэд бидний биеийг бэлдэж өгөх юм. Бясалгал хийхэд тодорхой цаг байхгүй тул хугацаанд бус чанарт анхаарлаа хандуулах нь чухал.
Өөртөө зөөлөн хандаарай.
Бясалгал хийх нь бусад дасгалтай харьцуулахад энгийн боловч тийм ч амар биш юм. Зарим үед бясалгалын ачаар сэтгэл санаа тайвширч болох ч зарим үед бясалгал хийх нь танд залхуутай санагдах үе байдаг. Энэ нь хэвийн үзэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй юм шүү. Хамгийн чухал нь өөрийгөө сонсож, өөрийгөө илүү мэдэрч өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бясалгалын бидэнд өгч чадах гайхалтай үр дүн юм.
Гэртээ хийж болох бясалгалын санаанууд:
Биедээ төвлөрөх.
Энэ арга нь бие болон сэтгэл зүйн холбоог сайжруулах зорилготой юм. Ингэхдээ зөвхөн биедээ анхаарлаа хандуулах биш өөрийн бодол санаа, мэдрэмждээ анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Өөрт тухтай байрлалаар суун нүдээ аниад толгойн оройгоос хөлийн үзүүр хүртлээ өөрийн биед төвлөрч ямар нэг зовуурь, илэрхийлээгүй мэдрэмж байгаа эсэхийг анзаараарай. Энэ аргыг туршиж үзсэний дараагаар тайван мэдрэмж төрнө гэдэгт итгээрэй.
Анхаарлаа хандуулах.
Хамгийн түгээмэл бясалгалын нэг бол анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Бясалгалын энэ хэлбэр нь амьсгал, хүрээлэн буй орчны дуу чимээ эсвэл бие махбод гэх мэт нэг зүйл дээр ухамсраа төвлөрүүлэхийг хэлнэ. Зөвхөн нэг зүйлд анхаарлаа хандуулах нь стресс бууруулдаг байна.
Хамгийн тухтай байрлалыг олон зөвхөн өөртөө анхаарлаа хандуулж бодлоо цэгцлэн бясалгах нь бидний өөртөө хийж өгч чадах үнэгүй боловч чухал хөрөнгө оруулалт гэдгийг санаарай.