Зөвлөмж

Гэр бүлийн цаг уу? Гэртээ утсаа үзэх цаг уу?

Written by HabiDo | 02/05/23 06:52

Технологи, цахим сүлжээ тасралтгүй хөгжиж буй энэ үед хүмүүс бид хаа ч явсан гар утас болон цахим хэрэгслээ оролдох нь ихэсчээ. Заримдаа бид гэр бүлийнхэнтэйгээ байхдаа эсвэл чухал ажил хийж байхдаа ч утсаа оролдож байгаа нь ажлын бүтээмж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бууруулж байгаа аж. Утастайгаа ойр байх нь амьдралын нэг хэв маяг болсон хэдий ч ойр дотны хэн нэгэндээ зориулах цагаасаа хомсолж болохгүйг анхаараарай. Тэгвэл гэр бүлтэйгээ үнэ цэнтэй цагийг өнгөрөөх нь бидэнд ямар ашиг тустайг харцгаая.

Стресс буурна.

Хайртай хүмүүстэйгээ илэн далангүй ярилцах нь стресс буурахад сайн нөлөө үзүүлдэг ч тэд бүх стрессийг тань байхгүй болгож чадахгүй билээ. Гэвч гэр бүлийн гишүүд болон найз нөхөдтэйгөө ярилцахад стрессийн түвшин харьцангуй бага болдог гэдгийг Carnegie Mellon их сургуулийн судлаачид тогтоожээ. 

Ганцаардлаас сэргийлнэ.

Ганцаардал нь сэтгэл зүйн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх ба ганцаардлаас болж сэтгэлийн түгшүүр болон сэтгэл гутралд өртөх магадлалтай.  Түүнчлэн амиа хорлолтыг нэмэгдүүлж, нас баралтад нөлөөлдөг гэнэ шүү. Ганцаардлаас зайлсхийх нэр арга нь найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамтдаа хөгжилдөн өнгөрөөх явдал юм. 

Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж чаддаг байна. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг нь таныг ямар онцгой, чухал болон хайрлагдсан болохыг танд сануулж чаддаг ба энэ нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжид эерэг нөлөө үзүүлнэ.

 Гэр бүлээрээ үнэ цэнтэй цагийг өнгөрөөх аргууд: 

Хамтдаа хооллох

Зөвхөн  ээжүүд гэлтгүй, гэр бүлээрээ бүгдээрээ хамтран хоол хийж дараа нь аяга тавгаа хамтдаа угаагаарай. Энэ нь та бүхэнд ярилцаж бие биетэйгээ ойлголцох боломжийг олгоно.  

Хүүхдүүдийнхээ сонирхлыг дэмжих

Хүүхдийнхээ юу хийхийг хүсдэг, одоо сонирхлыг нь татдаг зэргийг мэдэж аваад хамтдаа хүүхэдтэйгээ хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрөөгөөрэй. Ингэснээр та хүүхдийнхээ сонирхлыг мэдэж аван тэдэнд найз шиг нь мэдрэмжийг төрүүлж таныг ч бас шинэ сонирхолтой болгох юм билүү.

Гэрээсээ өөр орчинд цагийг өнгөрөөх

Зохион байгуулагдаж буй янз бүрийн үйл ажиллагааг судалж мэдэн нэг өдрийг адал явдлаар дүүрэн өнгөрөөгөөрэй.

Цаг хугацаанаас илүү үнэтэй зүйл байхгүй билээ. Карьераа босгож, гэр бүлээ тав тухтай амьдралаар хангах нь чухал ч тэдэнтэй өнгөрөөх цагийг нандигнах хэрэгтэй шүү. Тиймээс өдөрт ядаж 30 минутыг гэр бүлдээ цаг гаргаж амьдралд тохиолдох том жижиг баяр баясгаланг хуваалцаж дурсамж бүтээхэд зарцуулаарай.