Зөвлөмж

Дугуй унах ашиг тус

Written by HabiDo | 23/08/21 09:56

Бие махбодын хувьд цэгцтэй, эрүүл саруул байхын тулд бидэнд хөдөлгөөн маш чухал. Байнгын дасгал хөдөлгөөн хийх нь таргалалт, зүрхний шигдээс, хорт хавдар, чихрийн шижин, үе мөчний өвчин зэрэг ноцтой өвчлөлд өртөхөөс сэргийлдэг. Байнгын суугаа амьдралын хэв маягт шилжсэн бидний эрүүл мэндэд тустай нэг дасгал хөдөлгөөний төрөл бол дугуй унах.

Дугуй унах нь харьцангуй бага гэмтэл бэртэл учруулж болох дасгал хөдөлгөөний тоонд ордог төдийгүй бүх насныхан хийх боломжтой, хөгжилтэй, сонирхолтой, басхүү байгальд ч ээлтэй. Тогтмол дугуй унадаг байх нь дараах ашиг тустай:

Бие махбодод үзүүлэх ашиг тус:

  • Бусад дасгалуудтай харьцуулахад бие махбодод ноцтой гэмтэл учруулах нь бага бөгөөд биеийн гол булчингууд бүгд ажиллах түлхэц болдог
  • Заавал тусгай чадвар шаарддаггүй, хүсвэл хэн ч хийж болох төдийгүй сурсан байхад мартчихдаггүй
  • Илүү сонирхолтой буюу дасгалын танхим зэрэг тодорхой нөхцөл шаардахгүй, хүссэн газартаа очиж, сонирхолтой зүйл харангаа галбиржих, чийрэгжих боломжтой
  • Машин, автобус зэрэг бусад хэрэгслийг бодвол нэгээс нөгөө газарт очихдоо хөдөлгөөн хийх боломж олгодог

Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус:

  • Зүрх, уушгины үйл ажиллагааг дэмжиж цусны урсгалыг сайжруулснаар зүрхний шигдээс, цусны даралт ихдэх, цус харвах зэрэг зүрх судасны элдэв өвчлөлөөс сэргийлнэ
  • Булчингуудын байнгын ажиллагааны үр дүнд бие махбод эрүүл чийрэг, чанга болох буюу биеийн ерөнхий байдал сайжирна
  • Үе мөчинд ирэх ачаалал бага учраас үе мөчний үрэвслийн өвчинтэй хүмүүст хамгийн амар хөдөлгөөний хэлбэр байдгаас гадна хэрэв танд энэ төрлийн өвчин байхгүй бол цаашид сэргийлсээр байх болно
  • Хөдөлгөөний үр дүнд үүсэж буй аз жаргалын дааврууд, мөн түүнчлэн дугуйтайгаа хүрч очиж байгаа газруудын үзэмжийн нөлөөгөөр стресс, сэтгэл гутрал, түгшүүрийн хэмжээ буурна
  • Булчингийн хөдөлгөөн болон бодисын солилцооны идэвхжилээс бие дэх өөхний хэмжээ багасаж дотор болон гадар өөхлөлт, таргалалтаас сэргийлнэ
  • Хамгийн түгээмэл чихрийн шижин зэрэг хөдөлгөөний дутмагшил, хооллолтоос үүдэлтэй бүхий л төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах шийдэл болно
  • Хорт хавдрын магадлал буурах, ялангуяа бүдүүн гэдэсний болон хөхний хорт хавдарт өртөх магадлал илт мэдэгдэхүйц буурдаг байна