Зөвлөмж

Дугуй унах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Written by HabiDo | 31/03/23 05:01

Хүн бүр ямар нэг шалтгаанаар; дасгал хөдөлгөөн хийхийн тулд, жингээ хасахын тулд гэх мэтээр дотооддоо зорилго тавин дугуй унаж эхэлдэг. Дугуй унаснаар бие махбодод гарах нөлөөллийг судалсан олон судалгаа байдаг ба хүн бүр бие махбодын өөрчлөлтийн талаар ярьдаг хэдий ч дугуй унаснаар сэтгэл зүйн эрүүл мэндэд гарах өөрчлөлтүүдийг төдийлөн мэддэггүй гэнэ шүү.

Cycleplan-ий хийсэн судалгаагаар дугуй унадаг хүмүүсийн 75%-д нь сэтгэл зүйн эерэг өөрчлөлтүүд гарсан. Жишээлбэл дугуй унаж байх явцад асуудлаасаа түр холдон тайвшрах, нэг зүйлд төвлөрснөөр стресс буурах мөн сэтгэл гутрал болон бусад сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа даван туулах, хүлээн зөвшөөрөхөд тусалж буй тухай мэргэжлийн дугуйчид хэлжээ.

Эрүүл биед саруул ухаан хэмээх үг байдагтай адил бие эрүүл байх нь бидний амьдралын хэв маяг, өдөр тутмын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл хоёр дугуй бидний сэтгэл зүйн болон биеийн  эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг харцгаая.

Сэтгэл түгшүүрийг бууруулна.

Дугуй унах нь бидний стрессийн түвшинг бууруулдаг тул сэтгэл түгшүүрийн шинж тэмдгүүдийг мөн адил дарангуйлдаг байна. Нэмж хэлэхэд дугуй унах нь түгшүүрийн эсрэг зарим эмүүдтэй ижил нөлөө үзүүлдэг. Дугуй унах үед бидний тархинаас аз жаргалын даавар болох эндорфин ихээр ялгардаг ба энэ нь сэтгэл санааг тайвшруулж, дугуй унаснаас үүдэх булчингийн өвдөлтийг намдаадаг нь тогтоогджээ.

Сэтгэл гутралтай тэмцэхэд тусална.

Торонтогийн Их Сургуулийн 26 жилийн туршид хийсэн судалгааны үр дүнд дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл гутралаас ангижрахад туслаад зогсохгүй урьдчилан сэргийлдэг болох нь тогтоогджээ. Түүнчлэн  долоо хоногт 3 удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, тэр дундаа дугуй унах нь биеийн бүх булчинг зэрэг ажиллуулдаг тул сэтгэл гутралд орох магадлалыг 19% бууруулдаг байна.

Танин мэдэхүйн алдагдлаас сэргийлнэ.

Нас ахих тусам бидний танин мэдэхүйн чадварууд муудаж, хариу үйлдлийн хурд удааширдаг. Хамгийн түгээмэл тохиолдох танин мэдэхүйн алдагдлын жишээ нь ой тогтоолт муудах байдаг ба ой тогтоолтын үйл ажиллагааг тархины гиппокамп хариуцдаг билээ. Харин тархины эд эсүүд хэвийн ажиллагаатай хэвээр байж чадвал эдгээрээс сэргийлж болно. Сүүлийн үеийн судалгаагаар дугуй унах, аэробик хийх олон булчингаа зэрэг ажиллуулах нь дээр дурдсан танин мэдэхүйн алдагдлаас сэргийлдэг болох нь батлагдсан байна.

Хабидү апп дээр дугуй унах дадлыг төлөвлөн өөрийгөө урт хугацаанд эрүүл бас залуугаараа байхад анхаараарай.