Зөвлөмж

Ой мод бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Written by HabiDo | 01/07/22 03:35

Агаарын бохирдол, өндөр байшин барилгууд, гарцгүй мэт санагдах 4 хананы дунд хүрээлүүлж буй хүмүүсийн хувьд сэтгэл санаагаа сэргээх,  стресс, түгшүүрийн хэмжээгээ бууруулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй  арга нь ой модонд алхах юм.

Ой мод байгальд зугаалах нь цусны даралтыг бууруулан, сэтгэл санааг тайвшруулахаас гадна амьдралаас авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлж сэтгэл зүйн эрүүл мэндийг нөхөн сэргээх маш хүчтэй увдистай юм. Ойролцоогоор 10-20 минутын турш өөрт тулгараад байгаа асуудлуудын талаар биш байгалийн сайханд төвлөрч ой модон дунд алхах нь таныг ямар нэгэн зүйлд баригдалгүйгээр чөлөөтэй сэтгэх, өөрийгөө тайтгаруулах боломжийг өгөх болно. Мөн байгальд алхсанаар хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч, тархины үйл ажиллагааг сайжруулж асуудлаа даван туулах хүчийг өгөх болно.

Тиймээс юу ч бодолгүйгээр зүгээр л салхинд сэржигнэх моддын навчис, бяцхан шувуудын жиргээнийг чих тавин сонсож халуунаар төөнөх нарны дулаан элчийг арьс болгоноороо мэдэрч, цэвэр цэнгэг агаараар уушгиа дүүртэл амьсгалаад нэг үзээрэй.

Ой дундуур алхаж байхдаа дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай:

  • Эргэн тойронд харагдаж буй зүйлсэд
  • Ойролцоох шувуудын жиргээнд 
  • Навч, мөчрүүдийн шаржигнахыг чимээнд
  • Нам гүм тайван байдалд
  • Хацар илбэх салхинд
  • Модны үнэрт 
  • Гүнзгий амьсгаа авч, амьсгалдаа төвлөрөх
  • Алхаж байхдаа өөрийн биеэ мэдрэх
  • Амар амгаланг мэдрэх
  • Энд одоог мэдрэх

Модод танд хамгийн гайхалтай тайвшрал, сэтгэл ханамжийг өгөх болно.