Зөвлөмж

Сониуч зан ба хувийн өсөлт

Written by HabiDo | 07/04/23 04:36

Хувь хүн өөрийгөө хөгжүүлэх ойлголт нь сэтгэл судлалын анхдагч онолуудтай зэрэгцэн судлагдан ирсэн. Бидний хамгийн сайн мэдэх Маслоу-н хэрэгцээний шатлалд хэрхэн хувь хүн өөрийгөө идэвхжүүлэх тухай дурдсан байдаг. Харин Карл Рожерс хэлэхдээ хүн бүр өөрийгөө танин мэдэж, хөгжүүлэх замаар амьдралын зорилгодоо хүрч чадна гэж хэлсэн байдаг. Мөн тэрээр “Хүн болох тухай” (1961) хэлэлцүүлэгтээ хүн болоход туслах дөрвөн шалгуурын тухай дурдсан байдаг бөгөөд эдгээр нь: Бусдын туршлагад нээлттэй хандах,  Бусдад итгэх,  Өөрийн гэсэн үнэлэмжтэй байх,  Үйлдэл хийх хүсэл тэмүүлэлтэй байх зэрэг юм.

Тэгвэл орчин үеийн эерэг сэтгэл судлалын салбарт асар олон эмпирик судалгаанууд хувийн хөгжилд нөлөөлөгч хүчин зүйлсийн тухай судалсаар байна. Тэдгээрийн нэг нь сониуч зан чанар юм. Сониуч зан нь хувь хүний өсөлт хөгжил, нөөц боломжийг олж илрүүлэх чухал түлхүүр бүхий зан чанар аж. Төрөлхийн сониуч зан өндөр нэгэн байхад эсрэгээрээ бага тохиолдол ч байна. Энэ зан нь хувь хүнийг өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйлдэлд дэмжлэг болдог учир ажлын байр, академик боловсрол, нийгмийн харилцаа гээд олон талбарт үр бүтээлтэй байхад тусалдаг. Түүгээр ч зогсохгүй удирдлагууд ажилтны сониуч зан чанарыг өндрөөр үнэлэх болсон байна.

“Яагаад сониуч зан байдал нь тийм онцгой юм бэ” гэж та бодож магадгүй. Учир нь сониуч зан чанар нь маш олон чухал ур чадваруудтай хамааралтай болохыг эмпирик судалгаанууд нотолсоор байна. Тухайлбал:  Сониуч зан чанар өндөр хүмүүс ихэвчлэн нийгмийн харилцаанд бусдаас илүү нээлттэй бас амжилттай байдаг  Суралцах чадамж болон ажлын байран дээрх бүтээлч байдал нь мөн сониуч зан чанартай хамааралтай.

Бид өөрсдийнхөө сониуч байдлыг дадал болгон хөгжүүлэх боломжтой юу?  Зарим судлаачдын үзэж байгаагаар бид өөрийн сониуч зан чанарыг нэмэгдүүлэх боломжтой аж. Үүний тулд  та зарим нэг дадлыг амьдралдаа хэвшүүлэхэд л хангалттай. Анхаарал төвлөрөх чадвар муудаж байгаа энэ цаг үед унших дадал нь таны сониуч байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй мөн танин мэдэхүйн чадварт ч нөлөөлнө.

Үргэлж асуулт асуух: Төрөлхийн сониуч зан чанар өндөр хүмүүсийн түгээмэл онцлог нь өөрөөсөө болон бусдаас байнга асуулт асуух явдал байдаг. 

Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх: Сониуч хүмүүс үргэлж шинэлэг зүйлд нээлттэй ханддаг бөгөөд өөрийн тогтсон мэдлэг, дадлыг өөрчлөхөөс цааргалдаггүй байна.