Зөвлөмж

Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах аргууд

Written by HabiDo | 19/10/22 07:47

Та өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалмаар байгаач яг яаж хамгаалахаа мэдэхгүй байна уу? Сэтгэлээр гутарч, сэтгэлийн түгшүүр мэдэрч байгаа ч яг яах ёстойгоо мэдэхгүй тээнэгэлзэж байгаа бол дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

Мэдрэмжээ илэрхийлэх 

Итгэдэг хүнтэйгээ өөрийнхөө мэдрэмж, тулгараад байгаа асуудлынхаа талаар ярилц. Сэтгэл хөдлөлөө өөртөө барих нь таны сэтгэл зүйг улам дордуулж болзошгүй юм. Та хүсвэл өөртэйгөө, найз нөхөдтэйгөө, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж  эсвэл мэдрэмжийн тэмдэглэл хөтлөөд үзээрэй.

Хил хязгаар тогтоох 

Дургүй эсвэл хийхээ болимоор байгаа үйлдлүүддээ ҮГҮЙ гэж хэлж сурах. Үүнд шөнийн цагаар и-мейл шалгахгүй байх, дургүй уулзалтандаа очихгүй байх, эсвэл өдрийн тодорхой цагт утсаа шалгахгүй байх зэрэг багтаж болно. Мөн таагүй хүмүүстэй газраас явах, дуусах ёстой харилцааг дуусгах гэх мэт нь хувийн харилцаандаа хил хязгаар тогтоохын дээр өөрийн сэтгэл зүйн байдлыг хамгаалж буйн илрэл юм.

Бие махбодын эрүүл мэнддээ анхаарах 

Бие махбодын эрүүл мэнддээ анхаарах нь цаашдаа танд тулгарч болох сэтгэл зүйн эрүүл мэндийн шинж тэмдгүүдийг багасгаж өгдөг байна. Үүнд та эрүүл хооллох, хангалттай унтах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэрэг орно.

Өөртөө тохирох тайвшрилын аргыг олох 

Хүн бүр өөрийн гэсэн сорилт бэрхшээлийг даван туулах механизмтай байдаг. Үүнд хөгжим сонсох, өдрийн тэмдэглэл хөтлөх эсвэл хайртай хүмүүстэйгээ харилцах зэрэг өдөр тутмын стрессийг даван туулахад туслах эрүүл аргууд байдаг ба та өөртөө таарсан аргыг олоорой.

Байгальд гарах

Бид бүгд санаа зовнил, айдастай амьдардаг ба тодорхойгүй байдал, алдагдал биднийг стресс болон дарамтад оруулдаг аж. Байгальд гарч ой модонд очин шувуудын чимээ, усны урсгалыг сонсох ньтанд тайвшралыг авчирна. Гүнзгий амьсгаа аваад эргэн тойронд тань юу болж буйг анзаарах нь танд бодлоо цэгцлэх болон стрессээ бууруулахад нөлөө үзүүлнэ.

Мэргэжлийн хүнээс тусламж хүсэх. 

Хэрэв танд хэрэгтэй бол тусламж хүсэхээс битгий айгаарай. Та хүсвэл танд туслах зөндөө хүмүүс байдаг.Шинэ зүйлийг туршиж үзэх нь эхэндээ эвгүй байдаг ч цаг өнгөрөх тусам тэдгээр нь илүү хялбар болдог. Бидний хэн нь ч төгс биш учраас өөртөө алдаа хийх, амрах боломжийг олгоорой.