Зөвлөмж

Та өөрөө өөртөө “хортой” нэгэн юм биш биз

Written by HabiDo | 23/12/22 01:16

Өөрөө өөртэйгөө харилцан яриа өрнүүлдэггүй хүн гэж үгүй бөгөөд энэ нь бидний сэтгэлгээний гайхамшигтай онцлог юм. Харамсалтай нь зарим тохиолдолд бид “өөрөө өөртөө хортой” нэгэн болчихдог. Өөрөөр хэлбэл өөрийгөө байнга шүүмжлэх, хүсэл мөрөөдлөө унтраах, амьдралын идэвхигүй нэгэн болгох зүйлсийг өөртөө байнга хэлэх нь өөртөө хортой байгаагийн илрэл юм.  Өөртөө бага зэрэг шүүмжлэлтэй хандах нь байх ёстой үзэгдэл боловч өөрийн үнэлэмжээ унагах хэмжээнд бол хэвийн бус байгааг илтгэнэ. Хэн ч амьдралынхаа үнэт цаг хугацаа, боломжуудыг сөрөг бодлуудаасаа болж алдахыг хүсэхгүй шүүдээ.

Түүгээр ч барахгүй:

Энэ нь бидэнд хэрэгтэй зүйлсдээ анхаарал хандуулахад саад болдог. Үүнээс болж оюутнууд даалгавраа цагийг нь тулгах эсвэл хойшлуулах, хүмүүс ажилдаа явалгүй чөлөө авах зэргээр асуудлыг шийдэх гэж оролддог. 

Бидний оюун бодол өнгөрсөнд эсвэл ирээдүйд байгаа үедээ бид яг одоод бүрэн төвлөрч бас мэдэрч чаддаггүй.

Байнга өөрийгөө стресс үүсгэх бодлуудаар дүүргэх нь мэдрэлийн эсүүдийг ядаргаанд оруулж, бие физиологийн өвчлөлүүдийг үүсгэдэг.

Гэхдээ өөрийгөө хэт хүчлэн шууд зогсоох гэсний хэрэггүй. Харин: 

Хэрэв энэ асуудал  өөр хүнд тохиолдсон бол та юу гэж хэлэх байсан бэ ? 

Миний бодож байгаагаас өөр байж болох уу? гэж асуугаад үзээрэй. 

Өөртэйгөө ярихдаа нэгэн хэвээр биш харин ярих өнгөө өөрчлөх. Тухайлбал, өөрийн бодолдоо ууртайгаа хариулт өгөх, аргадсан өнгөөр ярих эсвэл бүр дооглосон өнгө аяс оруулах нь бодлоо удирдахад тусладаг.

Эцэст нь өөрийн бодлууд дээрээ ажиллахдаа хэт өөдрөг байдлын төөрөгдөлд орохгүй байхад анхаараарай. Заримдаа бид өөрийгөө ч сонсолгүй, ямар ч шалтгаангүйгээр өөдрөг байхыг шаарддаг. Энэ нь өрөөсгөл хандлага бөгөөд ямар ч асуудалд өөрийн гэсэн онцлог байдаг.