Зөвлөмж

Тогтмол дасгал хийхэд өөрийгөө ятгах аргууд

Written by HabiDo | 17/06/22 03:05

Өөрийнхөө амьдралд богино хугацаанд эерэг өөрчлөлт авчирмаар байвал дасгал  хөдөлгөөнөөс эхлэхийг зөвлөж байна. Дасгал хөдөлгөөнийг хүмүүс ихэнхдээ зөвхөн биеийн эрүүл мэндэд тустай гэж дутуу үнэлдэг. Үнэндээ сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх, сэтгэлийн тэнхээгээ нэмэгдүүлэх зэрэгт хамгийн үр дүнтэй бөгөөд түргэн аргуудын нэг бол тогтмол дасгал хийх байдаг. Дасгал хийж эхлэхийг хүн бүр хүсдэг ч тогтмол дадал болгох тал дээр тал нь бүтэлгүйтдэг. HabiDo таныг дасгал, хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болгож чадна гэж итгэж байна. Үүний тулд  өөрийгөө сэдэлжүүлэх, тууштай байхад туслах дараах аргуудыг ашиглаарай:

1. Хөнгөн,таатай дасгалуудаас эхэл

Дасгал хийж эхлэхдээ биелэхэд хэцүү зорилго өвөртлөх хэрэггүй. Хэт том төлөвлөгөөнөөс айдсын мэдрэмж төрдөг ба айдас нь зугтаах, дайжих, таслах зэрэг үйлдлүүдийг дагуулдаг. Тиймээс хөнгөн, тайван мэдрэмж төрүүлэх, өөрт таалагдах дасгалуудыг эхэлж сонгоорой.

2. Дасгал хийсэн минут, цаг, өдөр бүрээ тэмдэглэж бүртгээрэй

Мэдээж эхлээд өдөрт 8000 алхам гэх зэргээр зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй. Дараа нь зорилгоо биелүүлэх сэрүүлэг тохируулна. Үүний дараа хамгийн чухал нь зорилгын биелэлтээ тэмдэглээд, хадгалж аваарай. Өчигдөр дасгал хийсэн бүртгэлээ хараад маргааш дасгал хиймээр санагдахад энэ арга маш тустай.

3.  Өмнөх өдөр нь бэлтгэлээ сайн хангах

Дасгал хөдөлгөөнийг дадал болгоогүй үед бэлтгэл базаахгүй бол үйлдэл хийхгүй. Хэрэв маргааш дасгал хийх бол хувцсаа, гутлаа, усаа, авч явах зүйлсээ бэлдээд унтаарай. Бэлдсэн зүйлээ хараад эргэлзээ,  залхуурлын мэдрэмж буурна гэдэгт итгээрэй.

4. Чин сэтгэлээсээ хандаарай

Нэгэнт сонголтоо хийгээд, цаг гаргаж эхэлсэн бол минут бүрийг үр дүнтэй өнгөрөөх хүчин чармайлт өөрөөсөө гаргаарай. Энэ нь хайнга хандахаас хамаагүй илүү сэтгэл ханамжийн мэдрэмжийг өгч чадна. Дасгалын цаг дууссаны дараа өөрөөрөө бахархах мэдрэмж илүү хүчтэй төрнө гэсэн үг юм.

5. Тогтмол хуваарь гаргаж түүнийгээ баримтлах

Дасгал хийнэ дээ гээд бодоод явах өдрүүд олон ч үйлдэл нь цөөхөн байдаг шалтгаан нь төлөвлөгөөгөө гаргахгүй хойшлуулдагт байдаг. Тиймээс бодлоо тэмдэглээд, хуваарь гаргахаас л дадал хэвшүүлэлт эхэлнэ. 7 хоногт 2 эсвэл 1 ч байсан болно шүү дээ. Тодорхой өдрийн, аль нэг цагийг ашиглана гэж төлөвлөөд түүнийг дагахад нэг мэдэхэд та эерэг өөрчлөлтийг мэдрэх болно.

6. Алдаагаа уучилж чаддаг байгаарай

Тасралтгүй байна гэдэг өдөр бүр гэсэн үг биш шүү дээ. Тогтмол, давтамжтай байхын тулд 1 удаа алгассан алдаагаа уучилж, дараагийн удаа үргэлжлүүлэхэд хангалттай. Өөрийгөө хэт буруутгаж шийтгэх хэрэггүй, сэтгэл зүйн хувьд өөрийгөө дэмжих нь хамгийн чухал.