Зөвлөмж

Хооллохдоо анхаарлаа хандуулахын ашиг тус

Written by HabiDo | 12/08/22 08:49

Ажлаа хийгээд суух гэтэл амттай юм идмээр санагдаж төвлөрөхөд хэцүү байдаг уу? Нэг л мэдэхэд хэт их хооллосноосоо болж ходоод гэдэс хямарч, илүүдэл жингийн асуудал бидэнд үүссэн байдаг. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэхэд туслах энгийн хэр нь үр дүнтэй нэг аргыг хуваалцъя.

Энэ нь хооллохдоо анхаарлаа хандуулах юм. Хооллохдоо анхаарлаа хандуулах гэдэг нь хооллож байхад төрж буй мэдрэмж, амт, сэтгэл ханамж зэрэг бие махбодид мэдрэгдэж буй мэдрэмжүүддээ шүүмжлэлгүйгээр хүлээн зөвшөөрч анхаарлаа бүрэн төвлөрүүлэхийг хэлж байгаа юм. Энэ нь хоол хүнсээ худалдан авах, бэлтгэх, хийх зэрэг үйл явцыг ч хамарч болно.

Хоол идэж байхдаа гар утсаараа оролдох, зурагт үзэх зэрэг нь хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулахаас гадна цадсан мэдрэмж өгөх хугацааг уртасгадаг ба ингэснээр таргалалт үүсэх шалтгаан болж байдаг. Дунджаар хүн хоол идэж эхэлснээс 20 минутын дараа бүрэн цадсан мэдрэмжийг авдаг байна.

Хооллож байх үедээ хоолондоо анхаарлаа хандуулах нь жингээ хасах, хэт их идэхээс сэргийлэх мөн хоолны зуршилдаа хяналт тавихад тусалдаг. Дийлэнх судалгаагаар анхааралтайгаар хооллох нь хооллох зан үйлээ өөрчилж, стрессийг бууруулах замаар жингээ хасахад тусалдаг гэдгийг харуулсан байдаг. Түүнчлэн сэтгэл гутрал, түгшүүр, хооллох дурын эмгэг зэргийг анагаахад эерэг нөлөө үзүүлдэг байна.  Хэт хурдан хооллох, бүрэн зажилж идэхгүй байх нь бодисын солилцоог муутгах, хоолны дуршлыг улам нэмэгдүүлэх гэх мэт сөрөг талуудтай тул одооноос эхлэн бид өөрийн ходоод руу орж буй зүйлсдээ анхаарал хандуулж байх хэрэгтэй юм. Сэтгэл хөдлөлдөө захирагдан хооллох, стресст байнга өртөх нь хэт их идэх, таргалахад ихээхэн нөлөөлдөг.

Тэгвэл хэрхэн анхааралтайгаар хооллоход туслах алхмуудыг хүргэе:

Удаан тайван хооллох

Хоолоо  маш сайн зажилж яаралгүйгээр өөр зүйл сатааралгүйгээр хоолоо идэх

Хооллож байхдаа гар утас, дэлгэцээс хол байх

Гар утас нь идэж буй хоолондоо анхаарал төвлөрүүлэхэд садаа болж нэг мэдэхэд хэт их хооллосон байдаг.

Цадсан мэдрэмж авсан бол хоол идэхээ зогсоох 

Ихэнх хүмүүс өөрийн дуртай эсвэл амттай хоолыг цадсан хэр нь идсээр л байдаг нь таргалах үндсэн шалтгаан болдог

Чимээгүй хооллох

Энэ нь зөвхөн өөрийн урд байгаа хоолондоо анхаарлаа хандуулж, хэрхэн зажилж, ходоодруу орж байгааг мэдрэхэд тусална

Анхааралтайгаар хооллох нь байнгын дасгал сургуулилт гэдгийг санаарай. Дараагийн удаа хооллохдоо дээрх аргуудаас туршиж эхний алхмаа хийн эерэг дадлаа хэвшүүлээрэй.