Зөвлөмж

Хуримтлал үүсгэх

Written by HabiDo | 13/10/21 01:44

Санхүүгийн найдвартай байдлыг бий болгох нь гэнэтийн, болзошгүй зардлууд болон төлөвлөсөн зорилгуудаа хэрэгжүүлэхэд зориулагдах мөнгөн хуримтлалыг бий болгохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл хуримтлал гэдэг нь ирээдүйд ашиглах зорилгоор өнөөдөр үүсгэж буй нөөц юм. 

Хуримтлал заавал орлогын ихэнх байх албагүй, хуримтлалын гол зарчим нь багаар тогтмол хадгалахад оршдог. Тиймээс заавал мөнгөтэй боломжтой болохоороо гэж хойшлуулах хэрэггүй, одоогоос хуримтлуулж эхлээрэй. Хуримтлал хийж эхлэх нь заримдаа тийм ч амар зүйл биш байдаг. Гэхдээ энэхүү амаргүй байдлыг давах нь мөнгө хуримтлуулах зорилго, төлөвлөгөөгөө гаргахаас эхэлнэ. Мөнгөн хуримтлалыг үүсгэснээр бидний санхүүгийн хариуцлага дээшилж байдаг ба бид их хэмжээний мөнгөтэй болоход зарцуулахаасаа өмнө сайтар бодож, төлөвлөж тооцоолдог болдог.

Хуримтлал үүсгэх хамгийн найдвартай арга нь хадгаламжийн данс байдаг ба Монгол улсын арилжааны бүх банканд хугацаатай, хугацаагүй гэх мэт олон төрлийн хадгаламжаас гадна хуримтлалын үйлчилгээ байдаг. Тухайн банкнаас шалтгаалан хуримтлал нь орлого бүрээс  тодорхой хувийг авах, сар бүр эсвэл өдөр бүр гэсэн сонголттойгоор мөнгөө шилжүүлэн хуримтлалаа арвижуулах гэх мэт олон сонголтын хуримтлалын үйлчилгээг авах боломжтой байдаг.

Урт болон богино хугацааны зорилготойгоо уялдуулан хуримтлал хийх нь илүү үр дүнтэй байдаг. Зорилгуудыг урт болон богино хугацааных гэж ангилж болох ба урт болон богино хугацааны зорилгоосоо хамааруулан хуримтлалын бүтээгдэхүүний төрөл хэлбэрээ зөв сонгох нь илүү үр дүнтэй.