Зөвлөмж

Г.Урандэлгэр - Эерэг дадал суулгах аяллаасаа хуваалцах

Written by HabiDo | 15/03/23 04:58

Г.Урандэлгэр МУИС-ийн БС-ийн Маркетинг, Худалдааны тэнхимд багш  

Хүн сул талаа сайжруулах нь чухал хэдий боловч давуу талаа улам илүү төвлөрч өнгөлөх хэрэгтэй.

Өнөөдрийн таныг бий болгоход хамгийн их нөлөөлсөн дадал юу вэ?

Би урт болон богино хугацааны зорилго зорилтоо тодорхойлоод түүнийхээ араас алхам алхмаар өдөр бүр тууштай, сахилга баттайгаар баяр ёслол, амралтын өдөр гэлтгүй тогтмол тодорхой цагийг төлөвлөсөн ажлаа хийхэд зориулдаг. Хэрвээ амралтын үеүдээр хийж байгаа зүйлээсээ бага зэрэг хөндийрвөл эргээд ажлаа хийж эхлэхэд 2 дахин их хүч, тэвчээр шаардлагатай болдог юм шиг санагддаг учраас аль болох өдөр бүр хийхийг хичээдэг. Сүүлийн 2 жил орчим иогоор тасралтгүй хичээллэж байна. Чөлөөт цагаараа дасгал хөдөлгөөн хийх дуртай.

Энэхүү дадлаа хэрхэн өдөр тутмынхаа нэг хэсэг болгож тууштайгаар хэрэгжүүлж байгаа вэ

Би төлөвлөгөөгөө байнга бичиж тэмдэглэдэг. Өдөр бүр хийх ажлаа өмнөх өдөр нь бичиж, маргааш нь тухайн төлөвлөсөн ажлаа хийж чадсан эсэхээ check хийдэг. Миний хувьд аль болох өглөө нэг тогтсон цагт босохыг хичээдэг. Өглөө бүр 05:40-д босож  2-3 цагийг төлөвлөсөн ажлаа хийдэг зориулдаг.

Шантраад эсвэл нэг л эвээ олж өгөхгүй больж байсан дадал байгаа юу? 

Миний хувьд нэгэнт зорилго тавьсан бол богино хугацаандаа биш юмаа гэхэд урт хугацаандаа заавал тухайн зорилгодоо хүрсэн байдаг. Ер нь анхнаасаа хүрч чадахгүй, боломжгүй зорилго зорилт бараг тавьдаггүй. Өөрийн давуу болон сул талыг мэдэж, мөн өдрийн аль цагт бүтээмж өндөртэй байгаагаа мэддэг байхад зөв дадал зуршлыг бий болгож, зорилгодоо хүрэх бүрэн боломжтой гэж боддог. Хүн сул талаа сайжруулах нь чухал хэдий боловч давуу талаа улам илүү төвлөрч өнгөлөх хэрэгтэй, тийм ч учраас би өөрийнхөө давуу тал дээрээ илүү төвлөрч ажилладаг.

Нийгэмд эмэгтэй хүний оролцоог ямар байгаасай гэж бодож байна?

Миний бодлоор эрэгтэй эмэгтэй гэлтгүй бид бүгдийн оролцоо өндөр байж, улс оронд эерэг өөрчлөлт авчран хэмээн боддог. Манай улсын нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо сайн байгаа гэж бодож байна. Учир нь манай эмэгтэйчүүдийн боловсрол, нийгэмд эзлэх байр суурь өндөр, үүнийгээ дагаад оролцоо хүртэл сайн байгаад байна уу даа гэж хардаг.