Зөвлөмж

З.Мягмарбат - Эерэг дадал суулгах аяллаасаа хуваалцах

Written by HabiDo | 15/03/23 05:05

З.Мягмарбат Flamme store-н гүйцэтгэх захирал, skin mentor 

Өглөөнөөс орой хүртэл төлөвлөгөө гаргаад түүнийгээ бүгдийг нь биелүүлэх мэдрэмж бол хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг

 

Өнөөдрийн таныг бий болгоход хамгийн их нөлөөлсөн дадал юу вэ?

Хүүхэд байхаасаа жижиг ч бай, том ч бай хийх ажлуудаа бүгдийн цаасан дээр бичиж, төлөвлөдөг байсан. Багаасаа хийж ирсэн төлөвлөх дадал намайг цагийн менежменттэй болгож, олон ажлыг амжуулахад, өөрийгөө хөгжүүлж, суралцахад ихээхэн нөлөөлсөн гэж боддог. Одоогоор би ажлынхаа хажуугаар 4 дэх мэргэжлээрээ АУИС-д шим тэжээл судлаач буюу хоол зүйч мэргэжлээр суралцаж байна. Мөн фитнесийн улсын аваргад оролцохоор бэлтгэл хийж байгаа.

Энэхүү дадлаа хэрхэн өдөр тутмынхаа нэг хэсэг болгож тууштайгаар хэрэгжүүлж байгаа вэ? 

2018 оноос санхүү, боловсрол, хобби гээд өөрийгөө сорьж, хөгжүүлж, болох бүхий л зүйл дээр нэг бүрчлэн төлөвлөгөө гаргаж байлаа. Мэдээж өөртөө дарамт өгөхөөр биш заримдаа алдах боломжтой, завсарлага авах хугацаатайгаар төлөвлөсөн юм.. Жишээ нь 5 жилийн дотор фитнесийн тэмцээнд оролцох зорилгыг хобби дээрээ тусгаад энэ жил 5 дахь жил болохоор бэлтгэлээ шаргуу хийж байгаа.  Юмыг хойш тавих нь сэтгэл зүйн хувьд өөртөө дарамт өгч буй мэт санагддаг тул аль болох төлөвлөсөн хугацаандаа ажлуудаа амжуулахыг хүсдэг. Өглөөнөөс орой хүртэл цагийн төлөвлөгөө гаргаад түүнийгээ бүгдийг нь биелүүлэх мэдрэмж бол хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг.

Шантраад эсвэл нэг л эвээ олж өгөхгүй больж байсан дадал байгаа юу? 

Шантраад бүүр больж байсан дадал одоогоор байхгүй. Хэсэг хугацаанд завсарлага авч байгаад буцаад хэрэгжүүлдэг дадлууд бол байгаа.Тухайн үедээ хэцүү санагдаж байвал түр завсарлага аваад, дараа дахин тэр дадлаа эхлүүлэхэд өөрийнхөө арга барилыг олчихсон, харин ч  илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлдэг юм шиг санагддаг. Хэрвээ ямар нэгэн дадлыг хэрэгжүүлэх гээд хэцүү санагдаж байгаа бол тэрхэн үедээ завсарлага аваад үзээрэй гэж хэлмээр байна.

Нийгэмд эмэгтэй хүний оролцоог ямар байгаасай гэж бодож байна?

Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд маань чухал нөлөөтэй байгаа гэж хардаг. Монгол ч гэлтгүй гадаадын маш олон мундаг эмэгтэйчүүд нийгэм дээ өөрсдийнхөө чадлынхаа хэрээр эергээр нөлөөлж, оролцож байгаа. Хувь хүний хүсэл мөрөөдөл, дотоод хүч, аль эсвэл үзэж туулсан амьдрал нь өөр болохоор өөрийн оролцоог илэрхийлэх арга хүртэл өөр өөр байдаг байхаа гэж боддог доо.