Зөвлөмж

Өглөөний цай үнэхээр чухал гэж үү?

Written by HabiDo | 02/12/22 02:41

Бид бараг л өдөр бүр хэн нэгнээс өглөөний цайгаа заавал уух ёстой тухай сонсож байдаг. Гэсэн хэдий ч 5 хүн тутмын нэг нь өглөөний цайгаа уулгүй гэрээсээ гардаг байна. Тэгвэл өглөөний цай үнэхээр чухал гэж үү, өглөө бүр цайгаа уулгүй гарвал бидний бие болоод сэтгэл санаанд ямар өөрчлөлт гардаг юм бол? Өглөө бүр шинэхэн өглөөний цайгаа алгасалгүй ууж байх  шалтгаануудыг хамтдаа харцгаая.

1. Ой тогтоолт болон анхаарал төвлөрөлтийг сайжруулна.

Их сургуулийн оюутнуудыг өглөөний цайгаа уусан, өглөөний цайгаа уугаагүй, болон өглөөний цайндаа энергийн ундаа уусан гэсэн 3 бүлэгт оруулан судалгаа хийжээ. 4 хоногийн дараа тэдгээр оюутнуудаас ой тогтоолт болон анхаарлын тест авахад өглөөний цайгаа уусан оюутнуудын анхаарал төвлөрүүлэх хугацаа урт байснаас гадна өдрийн цагаар залхуурах байдал бага байсан байна. Түүнчлэн өглөөний цай анхаарал төвлөрөлтөд эергээр нөлөөлөөд зогсохгүй ой тогтоолтод ч  мөн адил эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

2. Зөв хооллолтын хэв маягтай болоход тусална.

Ихэнх хүмүүс жингээ хасахын тулд өглөөний цайгаа уухгүй байх нь элбэг. Гэтэл өглөөний цайгаа уухгүй байснаар өдөрт идэх хэмжээнээсээ их иддэг буюу хүний бие илүү их хэмжээний илчлэгийг шаардаж эхэлдэг. Ингэснээр илүүдэл жинтэй болох эхний алхам тавигддаг аж. Өглөөний цайгаа тогтмол ууж хэвших нь өдрийн туршид эрч хүчтэй сэргэг байхад нөлөөлж зөв хооллолтын хэв маягтай болоход тусалдаг. Нөгөөтээгүүр өглөөний цайгаа уудаггүй хүмүүс эрдэс бодис, шим тэжээлийн дутагдалд орох магадлал өндөр байдаг гэнэ шүү.

3. Сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

Судалгаагаар өглөөний цайгаа уудаг хүмүүс нь стрессийг даван туулах чадвар өндөртэй, сэтгэл гутралд өртөх эрсдэл бага байдаг байна. Өглөөний цайг алгассанаар цусан дахь сахрын хэмжээ буурч сэтгэл хөдлөл тогтворгүй, сэтгэлийн түгшүүр болон мэдрэлийн ядаргаа үүсгэхэд нөлөөлдөг байна. Тиймээс өглөө бүр бага хэмжээний ч болов өглөөний цайгаа ууж хэвших нь өөрт хэрэгтэй дадлын нэг юм шүү.

4. Бодисын солилцоог сайжруулна.

Жингээ хасахад хамгийн чухал нөлөөтэй зүйл бол бодисын солилцоо ба өглөөний цайгаа уух нь энэ үйл явцыг сайжруулдаг байна. Өглөөний цайгаар дамжуулан өдрийн хамгийн эхний илчлэгийг хүний бие авч энэ нь бодисын солилцоог түргэсгэдэг.  Өглөөдөө нэг аяга ус ууж хэвших нь хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс сэргийлэхийн дээр бодисын солилцоог идэвхжүүлж, биеийг хоргүйжүүлэх нөлөөтэй. Эрүүл өглөөний цай нь тархины үйл ажиллагаанд хэрэгтэй энергийг нөхөөд зогсохгүй бодисын солилцоог сайжруулж, өлсөх мэдрэмжийг бууруулахаас гадна өдрийн туршид илүү эрч хүчтэй байхад гол түлхэц болох юм.