Зөвлөмж

Өсөлт ба эерэг сэтгэл хөдлөл

Written by HabiDo | 05/05/23 10:28

Зохистойгоор удирдаж чадаагүй сэтгэл хөдлөлүүд нь хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд стресс, сэтгэл гутрал гэх мэт ноцтой хор учруулах нь бий (Gross, 2015). Амьдралд тохиолдох асуудлуудыг даван туулах олон ур чадвар дундаас өнөөдөр бид эерэг сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг (emotion regulation) онцлох гэж буй нь учиртай. Бидний хувийн өсөлт хөгжилд эерэг сэтгэл хөдлөл  хэрхэн нөлөөлдөг талаар та сонирхож байсан уу? Сүүлийн арван жилд эерэг сэтгэл судлалын (positive psychology) салбарт гарсан судалгаанууд энэ асуултанд хариулсаар байна. 

Нэлээд хүндхэн илтгэл тавих эсвэл ажлын ярилцлагын өмнө айж түгшсэн үедээ өөрийгөө тайвшруулахын тулд “Би чаднаа, энэ бол надад олдож байгаа боломж” гэж өөртөө хэлдэг шүүдээ. Үүнийг л би сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэж хэлээд байгаа юм. Ойлгоход тийм ч хэцүү биш. Гэхдээ бодсоноос чинь илүү үр нөлөөтэй.

Тухайлбал, бидний ашигладаг сэтгэл хөдлөлөө удирдах чадварууд нь зөвхөн богино хугацаанд үр дүнтэй бус харин урт хугацааны хувийн өсөлтийг таамаглах боломжтой гэдэг нь батлагдсан (Cohn et al., 2009). Энэ нь та сэтгэл хөдлөлөө зохистойгоор удирдаж чаддаг бол таны хувийн хөгжил бусдаас тодорхой хувиар илүү байдаг гэсэн үг. Түүгээр ч үл барам сэтгэл хөдлөл гэдэг нь амьдралын сэтгэл ханамж болон амьдралын чухал ур чадваруудтай тогтмол хамааралтай байдаг (Cohn et al., 2009) (Michele & Barbara, 2006). Өөрөөр хэлбэл та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байх нь таны материаллаг баялаг, кареер эсвэл нэр хүндээс гадна (илүү ч байж мэднэ) та хэрхэн эерэг сэтгэл хөдлөлөө нэмэгдүүлж бас хадгалж чаддаг вэ гэдэг нь чухал аж. 

Мэдээж сөрөг сэтгэл хөдлөл ч чухал. Стресс, сэтгэл гутрал, уйтгар гуниг, уй гашуу, хагацал, ганцаардал бүгд асар хүнд. Үүнийг дагаад сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах бараг л боломжгүй санагддаг. Гэсэн хэдий ч зарим судалгаагаар бид эерэг сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахад анхаарах нь сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, хянахаас илүү чухал гэж дурдсан байдаг. Эерэг сэтгэл хөдлөл нь хувь хүний өөрт байгаа нөөц боломжийг хөгжүүлж байдаг учраас тодорхой чадварыг нэмэгдүүлдэг (Cohn et al, 2009). Тэр дундаа хайр, баяр хөөр, талархал зэрэг тодорхой сэтгэл хөдлөлүүд даван туулах чадварыг (resilience)  илүүтэй дэмждэг байна.