Сэтгэл хөдлөлийн үндсэн 8 төрөл байдаг гэж үздэг бөгөөд эдгээр нь баяр баясал, уйтгар гуниг, айдас, жигшил зэвүүцэл, цочирдол, хүлээлт, уур уцаар ба итгэл найдвар юм.
Эдгээр үндсэн сэтгэл хөдлөл хоорондоо холилдож хэдэн арван төрлийн өөр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг үүсгэж байдаг, яг л өнгө шиг.
Хүрээлэн буй юмс үзэгдэл, үйл явдал, холбоо харилцаа нь бидний сэтгэл хөдлөл үүсэн бий болох шалтгаан болдог.
Өөрөөр хэлбэл дээрх үйл явдлуудыг тархи хүлээж авч л байгаа бол сэтгэл хөдлөл үүсэх нь зайлшгүй юм. Иймээс өөртөө үүсэж байгаа сэтгэл хөдлөл, түүний салшгүй хэсэг болох мэдрэмжийг бие махбодод үүсдэг жирийн л нэг үйл явц гэдгийг нь хүлээн зөвшөөрч, сэтгэл хөдлөлөө өөрөөсөө нуух, эсвэл тийм зүйл мэдэрснийхээ төлөө өөрийгөө буруутгахгүй байх нь бидний хамгийн эхэнд хийж чадах эрүүл үйлдэл байх болно.
Бидэнд тохиолдож байгаа түм буман үйл явдлыг хүн бүр өөрийнхөө тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан хүлээж авч, өөр өөр сэтгэл хөдлөл мэдэрдэг.
Цас, мөстэй холбоотой спортоор хичээллэдэг хүмүүс цас ормогц баярлаж догдлох бол, эсрэгээрээ хүйтэнд өвчин нь сэдэрдэг хүмүүс цас ормогц уйтгар гунигтай, бүр ууртай ч болж мэднэ. Тиймээс аливаа нөхцөл байдалд бүгд яг ижилхэн хариу үзүүлэхгүйг ойлгоод, өөрийгөө бусдаас өөр сэтгэл хөдлөл гаргаж байгааг өршөөж уучил.
Сэтгэл хөдлөл, мэдрэмж угаас төрөх ёстой зүйл гэдгийг ойлгож хүлээж авч чадсан бол хэзээ, хаана, хэнтэй байхад ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж төрж байна вэ гэдэг дээр төвлөрч, өөрийгөө анзаарч эхлэх нь хамгийн чухал.
Энэ нь сэтгэл хөдлөлөө удирдах чадварын эхний алхам байх болно.