Мөнгө хосын харилцаанд хэр нөлөөтэй вэ?
Зээлтэй хосуудын 41% нь маргааны шалтгаанаа мөнгөний асуудлаас үүдэлтэй гэсэн байна.
2017 онд АНУ-д хийгдсэн судалгаагаар 5 хүртэлх жил хамт амьдарч байгаа залуу хосуудын 86% нь зээл авсан ба бидний аав ээжийн залуугийн үетэй харьцуулвал 2 дахин зээл авдаг гэж үзжээ. Гэтэл зээл гэдэг бол нэг талаар боломж боловч нөгөө талаар зээлийн өндөр төлөлт, өрийн дарамт нь стресс, түгшүүр үүсгэгч болох нь бий. Энэ ч мөн судалгаагаар батлагдсан бөгөөд зээлтэй хосуудын 41% нь хэрүүл, маргааны шалтгаанаа мөнгө, санхүүгийн асуудал гэж тодорхойлсон байна. Гэтэл залуу хосуудад байр авах, хүүхэд өсгөх, хурим хийхээс эхлээд мөнгөний хэрэг багагүй гардаг. Жишээ дурдахад хурим хийнэ гэдэг бас нэг төрлийн санхүүгийн шийдвэр болж байна. Судалгаанд оролцсон 2 хос тутмын нэг нь хурим хийхдээ тодорхой хэмжээгээр зээл авсан гэсэн бөгөөд ингэж зээл авсан хүмүүсийн 73% нь энэ шийдвэртээ харамссан гэжээ.
Гэхдээ яагаад санхүү болон мөнгөний асуудал хосуудад ийм төвөгтэй байдаг юм бол?
Нэгдүгээрт, санхүү, мөнгөний асуудал их байх тусмаа хүмүүс мөнгөний тухай ярилцахаас зайлсхийдэг. Судалгааны үр дүнг харахад өндөр дүнгээр зээл авсан 2 хүн тутмын нэг нь мөнгө, хувийн санхүүгийн тухай ямар нэг яриа өрнүүлэхгүй байхыг илүүд үздэг байна.
Хоёрдугаарт, гэр бүлийн хүмүүжил хүн хүнд өөр өөр. Санхүүгийн шийдвэр гаргахыг бид бусад олон дадал зуршлын адил аав, ээж, эргэн тойрныхоо хүмүүсээс суралцдаг. Санхүү, мөнгөний асуудлыг чөлөөтэй ярилцдаг гэр бүлд өссөн хүүхэд санхүүгийн ухаалаг шийдвэр гаргах хандлагатай байдаг. Харин зарим нэг цөөн тохиолдолд аав ээж нь санхүүгээ хангалттай сайн удирдаж чадахгүй байгааг харж өссөн хүүхдүүд энэ алдааг нь давтахгүйн тулд эртнээс бие даасан, хариуцлагатай болж өсдөг байна. Энэ маягаар гэр бүлээс авсан санхүүгийн хүмүүжил өөр байх нь үл ойлголцолд хөтлөх тал бас байдаг аж.
Тэгвэл санхүүгээ хэрхэн зөв, зүйтэй зохицуулах вэ?
1. Ярилц ярилц бас дахин ярилц
Аз жаргалтай хосуудад нэг нийтлэг шинж байдаг нь “мөнгөний тухай нухацтайгаар ярилцах” юм. Судалгааны үр дүнгээс харахад эрүүл харилцаатай хосуудын 87% нь мөнгөний тухай маш сайн, үр дүнтэй ярилцаж чаддаг гэжээ.
2. Шийдвэрийг хамтдаа гаргаарай
Санхүүгийн холбоотой шийдэр гаргана гэдэг бол нэг төрлийн хариуцлага төдийгүй заримдаа дарамт, түгшүүр үүсгэдэг хэцүүхэн зүйл билээ. Тиймээс санхүү, мөнгөтэй холбоотой томоохон шийдвэрийг аль болох хамтдаа гаргаж байгаарай.
3. Мөрөөдлөө хуваалцаарай
Харилцааны томоохон асуудал байхгүй, жаргалтай хосуудын 94% нь эхнэр, нөхөртэйгөө мөнгөний тухай мөрөөдөл, зорилгоо хуваалцдаг гэжээ. Хамтдаа аялалд явна, байр худалдаж авна, хүүхдээ хувийн сургуульд суралцуулна зэргээр ярилцаж байхдаа дийлэнх хосууд энэ төлөвлөгөөнд хэрэг болох төсвөө мөн ярилцдаг. Санхүүгийн холбоотой шийдвэр гаргахдаа санхүүгийн шийдвэр бол хосуудын хуваалцах ёстой, хамтдаа хариуцлагыг нь үүрэх ёстой шийдвэр гэдгийг ойлгож илүү сайн ярилцаж, төлөвлөөрэй.