Хүн бүр л илүү ихийг суралцахыг хүсч буй өнөө цагт та бид амьдарч байна.
Гэхдээ та “үл сурахуй”-н талаар хэзээ нэгэн цагт, хаа нэг газраас сонсож байв уу? Үл сурахуй нь дахин суралцахад тусалдаг талаар судлаачид 1980-аад оны эхэн үеэс эхлэн судалж ирсэн ч сүүлийн жилүүдэд энэ ойлголт ихээхэн хүчтэй яригдах болсон. Үүний учир нь асар их мэдээлэл дунд байгаатай холбоотой буюу үүнийг мэдээллийн бохирдол хэмээх аж.
Бидний өдөр тутамдаа олж авч буй хэрэгтэй болон хэрэггүй мэдээллүүд бидний “Сэтгэлгээний загвар”-г бүрдүүлж цаашлаад итгэл үнэмшлийн маань суурь болдог. Худал үгийг мянга давтвал үнэн болно гэдэгчлэн дахин дахин сонссоор байгаад өөрийнхөө итгэл үнэмшил болгочихсон “aлдаатай бодлууд” бидэнд их байдаг. Алдарт философич Декарт бүх мэдлэгийн эхлэл нь эргэлзэх юм гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр үл суралцахуй нь өөрийн алдаатай эсвэл аль хэдийн хуучирч хоцрогдсон сэтгэлгээгээ шинэчлэнэ гэсэн үг юм.
Суралцана гэдэг хэзээ ч шулуун зураас шиг дардан байгаагүй. Аль ч салбарт суралцаж, шинэ мэдлэг өөртөө хуримтлуулж яваа хүн үүнтэй санал нийлэх бизээ. Бид мартдаг, зөрчилддөг бас үл ойлгодог. Хамгийн чухал нь нэгэнт суугдчихсан алдаатай мэдлэгээ шинэчлэхгүй бол хэзээ ч үр дүнтэйгээр шинэ зүйлсийг сурахгүй.
Тэгвэл хэрхэн “үл сурахуйг” сурах вэ?
1. Та сурч мэдсэн зүйлээ мартах шаардлагагүй. Харин бусдын бодолд эсвэл шинэ мэдээлэлд илүү нээлттэй бас сониучаар хандаад үзээрэй. Хэзээ ч туйлын үнэн гэж байдаггүй шүү дээ.
2. Шинэ мэдлэгээ өөрийн хучин мэдлэгтэйгээ харьцуулаарай. Аль нь илүү үнэн бодит, үнэ цэнэтэй байна вэ?
3. Шийдвэр гаргах мөч. Таны өнөөдрийн “БИ”-г бүтээсэн сэтгэлгээ заавал ирээдүйн “БИ”-г тань бүтээх шаардлагагүй.
4. Үл суралцахуй нь суралцах үйл явцтай адил цаг хугацаа их шаарддаг.