Туршлагатай амьтан сургагчид арслангийн тор луу орохдоо сандал барьж ордог. Яагаад сандал гэж үү? Энэ арга нь нойрсуулагч бууг эс тооцвол арслангуудыг номхотгох хамгийн сайн хэрэгсэл болдог гэнэ. Учир нь сургагч сандлын хөлийг арслангийн нүүр лүү чиглүүлэн барихад арслан сандлын дөрвөн хөл рүү нэгэн зэрэг анхаарахыг хичээдэг ба энэ нь түүнийг хөшөөдөг аж.
Энэ нь бодит амьдрал дээрх бидний анхаарал төвлөрөлтийн тухай бодит жишээ бөгөөд олон зүйлсэд зэрэг анхаарал хандуулах гэж оролдох нь үргэлж бидний эсрэг ажилладаг байх нь. Бид ямар ч асуудалгүйгээр анхаарлаа төвлөрүүлэх чадвартай ч анхаарал сарниулах зүйлсээ арилгаж чаддаггүй нь асуудал болдог.
Та чухал и-мэйл бичиж байх зуур хэн нэгэн тантай ярилцах гэж ирэх үетэй тулгарч байсан уу? Яриа дуусаж, хийж байсан зүйл рүүгээ буцахад та өөрийн бичиж байсан зүйлээ санаж, зөв замдаа ороход хэдэн минут шаардагдана.
2003 онд Олон улсын мэдээллийн менежментийн сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар энгийн хүн таван минут тутамд нэг удаа цахим шуудангаа шалгадаг бөгөөд мэйлээ шалгасны дараа өмнөх ажлаа үргэлжлүүлэхэд дунджаар 64 секунд зарцуулдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн цахим шуудангийн улмаас бид зургаан минут тутмын нэгийг нь дэмий үрдэг байх нь.
Бид олон ажил хийх үед үүнтэй төстэй зүйлс тохиолддог. Олон ажлыг зэрэг хийх гэж оролдох нь нэг ажлыг тасалдуулах хандлагатай байдаг байна. Тиймээс хамгийн чухал асуулт бол бид хэрхэн өөрийн цаг хугацаа, энергийг зөв зарцуулах вэ? Танд туслах дараах зөвлөмжийг хүргэж байна.
Сайн чаддаг зүйл дээрээ 70 хувийн анхаарал хандуулах
Амжилттай ажиллахын тулд бид өөрсдийн давуу тал дээрээ анхаарлаа хандуулж түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн сайн хийж чадах зүйлсээ жагсаан бичиж, тэдгээртээ өөрийн цагийн хэдэн хувийг зарцуулж байгаагаа хянаж нэг үзээд, нөөц бололцооныхоо 70 хувийг зарцуулж чадахаар төлөвлөгөөгөө дахин шинэчлээрэй.
Шинэ зүйл дээр 25 хувийн анхаарал хандуулах
Өсөлт нь өөрчлөлттэй тэнцүү байдаг. Хэрэв бид өсөн дэвжихийг хүсвэл үргэлж өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн байх хэрэгтэй. Алдарт Бейсболын тамирчин Ted Williams залуу тамирчин Tomy Gwynn-нд өөрийг нь дотор талын цохилтыг хийж сурвал илүү сайн тоглогч болно гэж зөвлөж байжээ. Гадна талын цохилтыг илүүд үздэг ч тэрээр энэ тал дээр ажилласнаар түүний дундаж үзүүлэлт сайжирсан байдаг. Бид өөрсдийн сайн чаддаг зүйлстэйгээ холбоотой шинэ зүйлс дээр цагаа зориулах нь өсөн дэвжихэд чухал нөлөө үзүүлдэг байна.
Чаддаггүй зүйл дээрээ 5 хувийн анхаарал хандуулах
Бид өөрсдийн сул талтайгаа ажиллахаас хэзээ ч зайлсхийж чадахгүй. Үүнийг даван туулах гол түлхүүр нь аль болох өөрийн дутагдалтай талыг багасгах, засах арга хэмжээ авах юм.