Хүний биеийн хамгийн хүчтэй хариу үйлдлийн нэг болох сэтгэл хөдлөл, түүнд тулгуурласан өөрийн бодол, зан үйлийг таних, хүлээн зөвшөөрөх, зохицуулах нь сэтгэл зүйн тайван байдлаа хадгалахад чухал нөлөөтэй. Гэтэл өдөр тутамд ямарваа нэг үйл явдлаас үүдсэн мэдрэмж, сэтгэл хөдлөл бидэнд тогтмол үүсэж байдаг. Заримдаа эерэг, заримдаа сөрөг.
Сөрөг, тэр дундаа биднийг бухимдуулах, түгшээх, сандаргах, стресстүүлэх зэрэг ямар нэг зүйл тохиолдоход бидний зүрх хүчтэй цохилж, амьсгал давчдах, бие чичрэх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Эрдэмтэд үүний учрыг тайлбарлахдаа сөрөг сэтгэл хөдлөл үүсэх үед бидний амьсгал хурдассанаар нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулан судас нарийсдаг ажээ. Үүнээс болж цусны эргэлтийг удаашран булчин чангарч, цээж хүнд оргин таагүй мэдрэмж үүсдэг. Тэгвэл энэ үед яах хэрэгтэй вэ? Та аль болох өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хамгийн хурднаар өөрийгөө тайвшруулах арга бол амьсгалын дасгал хийх юм. Дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
- Дасгал хийхээс өмнө амьсгал авах үед таны биеийн аль хэсэг идэвхтэй ажиллаж байгааг анзаараарай. Цээж хэсэг үү, хэвлий хэсэг үү? Амьсгалаа авахад чинь хэвлий хэсэг чинь төмбийж байвал хамгийн зөв. (хэрэв та нялх хүүхдийг харж байсан бол тэд тайван унтаж байхад хэвлий хэсэг нь хамгийн идэвхтэй хөдөлж байдаг)
- Өөрт тухтай байрлалыг олоод суугаарай. Хоёр хөлийн улыг газар бүтнээр тавьж сандал дээр сууж болно, эсвэл хөлөө завилаад сууж болно.
- Ингээд 4 – 4 – 4 зарчмаар амьсгал авна. Нүдээ анин, хамраараа 4-ийн тоонд урт амьсгал аваарай. (Хэвлийгээрээ амьсгалахаа мартуузай). Үүний дараа 4-ийн тоонд амьсгалаа бариад, дараа нь 4-ийн тоонд амьсгал гаргаарай. Энэ дасгалын 5-10 удаа давтан хийхэд булчин суларч, цусны эргэлт сайжирч та илүү тайван болсон байна. Хэрэв та дээр дурдсан тоонд амьсгалаа авч, гаргаж чадахгүй бол санаа зовох хэрэггүй өөрийнхөөрөө амьсгалахад болох бөгөөд хамгийн чухал нь амьсгалын дасгал хийх үед аль болох өөрийн биеийг анзаарч, амьсгалдаа төвлөрөх нь чухал юм шүү.