Бид амьдралынхаа туршид энэ зүйлийг хүсэн, хайж, ярилцаж өнгөрөөдөг. Үүний утга нь тодорхой илэрхийлэгдэхээс илүү мэдрэгддэг. Энэ бол хайр. Хайр бол сэтгэл татам, нарийн төвөгтэй зүйл юм. Ялангуяа романтик хайр бол бидний тайлбарлахад хэцүү нууцлаг зүйл юм шиг байдаг. Хэдийгээр яруу найрагчид, дуу зохиогчид бидний романтик бодол санаа, мэдрэмжийг үгээр илэрхийлж чаддаг ч хайр нь тайлагдашгүй учраас бидэнд үүнийг тайлбарлахын тулд шинжлэх ухааны тусламж хэрэгтэй.
Хайр бол ойр дотно байдал, хүсэл тэмүүлэл, тууштай байдал зэргээр тодорхойлогддог сэтгэл хөдлөл, зан үйлийн цогц юм. Үүнд анхаарал халамж, ойр дотно байдал, хамгаалалт, сэтгэл татам байдал, энхрийлэл бас итгэлцэл орно. Хайр дурлал нь янз бүрийн эрчимтэй байж болох ба цаг хугацааны явцад өөрчлөгдөж ч болдог байна. Энэ нь аз жаргал, сэтгэлийн хөөрөл, амьдралын сэтгэл ханамж, зэрэг олон эерэг сэтгэл хөдлөлүүдтэй холбоотой боловч нөгөө талаар атаархал, стресс зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг.
Зарим хүмүүс хайрыг хамгийн чухал сэтгэл хөдлөлүүдийн нэг гэж үздэг. Харин судлаачид хайрыг сэтгэл хөдлөлийн буюу биологийн шинжтэй юу эсвэл соёлоос хамааралтай зүйл үү гэдэг дээр санал зөрөлдөж байдаг. Хайр дурлалд биологи, соёлын аль аль нь нөлөөлдөг. Хэдийгээр даавар, биологи нь чухал боловч бидний хайрыг илэрхийлэх, мэдрэх арга нь бидний хайрын тухай хувийн ойлголтоос хамаардаг байна.
Хайрын төрлүүд:
Дэлхий дээр байх хайрууд бүгд өөр өөр. Сэтгэл судлаачид хүн бүрийн амьдралынхаа аль нэг үед мэдэрч байсан хайрыг ангилан ялгасан байдаг ба үүнд:
Найзын хайр: Энэ төрлийн хайр нь хэн нэгэнд таалагдах, тодорхой хэмжээний дотно харилцааг үүсгэхэд чиглэнэ.
Дурлал: Энэ нь ихэвчлэн тууштай байх мэдрэмжгүйгээр хүчтэй татагдах мэдрэмжийг агуулдаг хайрын нэг хэлбэр юм. Ихэвчлэн харилцааны эхэн үед тохиолддог бөгөөд илүү удаан үргэлжлэх хайр болж хувирдаг.
Хүсэл тэмүүлэлтэй хайр: Энэ төрлийн хайр нь хүсэл тэмүүлэл, бие биедээ татагдах хүчтэй мэдрэмжээр тодорхойлогддог. Ихэвчлэн нөгөө хүнийг өөрийн нэг хэсэг болгох, бие махбод болон сэтгэл зүйн хувьд байнгын ойр дотно байх хэрэгцээг агуулдаг.
Энэрэнгүй/хамтрагч хайр: Хайрын энэ хэлбэр нь итгэлцэл, энхрийлэл, дотно байдал, тууштай байдал зэргээр тодорхойлогддог.Хариуцлагагүй хайр: Энэ төрлийн хайр нь хос хоёрын нэг нь хэт их хайрлаж буцаагаад хайрлагдахгүй байх үед үүсдэг.
Хайр, дотно байдал зэрэг нь бидний амьдралын чанар болон сэтгэл зүйн сайн сайхан байдалд олон чухал нөлөөг үзүүлдэг ба хэн нэгнийг бид чин сэтгэлээсээ хайрласнаар зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл буурч, стресс болон сэтгэл гутралаас сэргийлэхийн дээр бие махбодын зарим өвчлөлөөс ч мөн адил сэргийлдэг байна. Гэсэн хэдий ч хайр үргэлж аз жаргалтай байдаггүй билээ. Эцэг эхийн хайр ямар нэг нөхцөлгүйгээр биднийг төрснөөс үхэх хүртэл дэргэд байдаг бол заримдаа найз нөхдийн хайр болон романтик хайр бидний бодсоноос өөр байх ч тохиолдол байдаг. Энэ олон хайр дундаас өөрийгөө хайрлах хайр бол бидэнд зайлшгүй байх ёстой нэг хайр гэдгийг битгий мартаарай.