Хийх зүйлээ байнга хойшлуулдаг зуршилтай бол өөрийгөө залхуу гэж яаран битгий буруутгаарай. Дараа болъё, маргааш гэж хойшлуулсаар байх нь залхуурсандаа биш харин сэтгэл зүйн асуудал байгаа гэдгийн дохио юм.
Өөрсдийн хувьд амархан гэж бодсон ажлуудаа хурдан гүйцэтгэх хэр нь сэтгэл зүйн хувьд сүрдсэн, яаж хийх учраа хараахан олоогүй байгаа ажлуудаа бид ихэвчлэн хойшлуулдаг. Хойшлуулалтад нөлөөлөгч гол хүчин зүйл нь бүтэлгүйтлээс айх айдас, шантрал, мөн төгс хийх хүсэл зэрэг юм.
Сонирхолтой жишээ дурдахад насны хувьд 14-29 насны залуус ажлаа хамгийн их хойшлуулдаг болох нь судалгааны үр дүнд гарсан ба энэ нь анхаарал сарниулах олон төрлийн ажил байдагтай холбоотой аж. Харин нас ахих тусам хойшлуулах зуршил буурдаг байна. Гэтэл хойшлуулсан ажлуудаа дараа нь хийхэд илүү их цаг хугацаа болон нөөц шаардах нь олонтоо. Тэр ч бүү хэл хойшлуулалт нь биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх төдийгүй хойшлуулсан зүйлсээ цаг тухайд нь хийж гүйцэтгээгүйгээс үүдэн нойрны хямралд өртөх болон буруу хооллох гэх мэт үйлдлүүдийг бид хийдэг. Харин сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд хойшлуулах зуршил нь хүнд харамслын мэдрэмжийг төрүүлдэг агаад энэ нь даамжирвал сэтгэл гутрал, түгшүүрийн мэдрэмжийг нэмэгдүүлж өөртөө итгэлгүй байдал болон стресст өртөхөд нөлөөлдөг.
Юмыг хойшлуулдаг үйлдлээсээ татгалзах нь зорилгодоо хүрэхэд туслах том хөшүүрэг болохыг бид бүгд мэддэг ч үйлдэл хийж эхлэхдээ гацдаг. Тиймээс юмыг хойшлуулах зуршлаасаа татгалзахад туслах энгийн аргуудаас танд хүргэе:
Бодсон даруйдаа шууд хийж эхлэхЯмар нэгэн зүйлийг хийхээр бодсон даруйдаа шууд хийж эхлээрэй. Бид бодсон даруйдаа буюу 5 хүртэлх секундийн дотор үйлдэл хийж эхлэх нь тархи тухайн зүйлийг хийхийг хойшлуулахаас сэргийлэн үйлдэл хийж эхлэхэд хялбар болгодог байна.
Бүтэлгүйтэхээс бүү айАливааг төгс хийх хүсэл нь биднийг бүтэлгүйтлээс айх айдаст автуулдаг. Мэдээж алддаггүй хүн гэж байхгүй тул хэн нэгнээс шүүмж сонсох, засаж болох алдаа гаргах зэргээс айх хэрэггүй ба алдаагаа давтахгүй түүнээс суралцахад л болно шүү дээ.
Өдөрт хийх ёстой ажлуудаа чухлаас чухал бус руу ангилаарайӨдрийн хамгийн эрч хүчтэй үедээ хамгийн хүнд, цаг хугацаа болон чадвар шаардах ажлуудаа хийж гүйцэтгэх. Харин харьцангуй амархан ажлуудаа дуу сонсонгоо хийгээд үзээрэй.
Нэгийг дуусгаж нөгөөг эхлүүлэхНэг зүйлийг хийж дуусгасныхаа дараагаар ямар ажил хийх хэрэгтэй байгаа гэдэг дээрээ анхаарлаа төвлөрүүлж, дараагийн алхмуудаа төлөвлөх нь ажлаас сатаарч хойшлуулах зуршлыг бууруулдаг.
Эргэн тойрноо ажиглаарайТаны гэр болон ажлын орчинд анхаарал сарниулах зүйлс байдаг эсэхийг шалгаж, тэдгээр зүйлсийг бууруулахыг хичээгээрэй. Мөн таны байгаа газрын температур халуун байх нь ажлын бүтээмж буурах, нозоорох шалтгаан болдог.
Түр завсарлага авахАливааг хийж байхдаа хэсэг зуур амьсгалын дасгал хийх, босох зэрэг нь таны тархийг амраах аргууд юм. Ингэснээрээ залхуурахаас сэргийлж чадна.
Дээрх аргуудыг хэрэгжүүлэн хийх ёстой зүйлсээ цаг хугацаанд хийн өөрийн сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд анхаарал тавиарай.
1-2-3-4-5 одоо шууд хийж эхлээрэй.