Э.Мөнхбилэг- Avdar.toys болон Нар сар од редакцын үүсгэн байгуулагч,
Суулгаж амжаагүй дадлууд байгаа ч энэ үед өөртөө зөөлөн хандаж өөрийгөө уучилдаг байх нь хамгийн чухал
Өнөөдрийн таныг бий болгоход хамгийн их нөлөөлсөн дадал юу вэ?
Миний туршлагаас харахад томоохон өөрчлөлтийг ихэнхдээ онцгүй үйл явдал авчирдаг юм шиг санагддаг. Гэхдээ ийм аргаар өөрчлөлт авчрах нь их өвддөг бас их стресстүүлдэг. Харин илүү зөөлөн, бие, сэтгэл зүйдээ таатай аргаар өөрчлөлт хийе гэвэл тэр зүйлсийг бий болгох дадалтай болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Миний хувьд эрт унтах, эрт сэрэх дадлууд маань их олон зүйлийг амжуулахад тусалдаг.
Дадлуудаа хэрхэн өдөр тутмынхаа нэг хэсэг болгож тууштайгаар хэрэгжүүлж байна вэ?
Эрт унтах дадалтай болбол бонуст нь цагаа зөв удирдах, дасгал хийх зэрэг дадлууд дагаад бий болдог. Харин эрт сэрэхээр ядаж өглөөний цайндаа эрүүл, шим тэжээлтэй зөв бүтэцтэй цай уух гэх мэт амьдралын хэв маягийг сайжруулах зүйлс дагаад ирдэг юм шиг санагддаг. Тууштай байхын өмнөх нэг чухал зүйл бол тэвчээртэй байх, анхны үр шимээ мэдрэх тэр цэг дээр очих явдал юм.
Шантраад эсвэл нэг л эвээ олж өгөхгүй больж байсан дадал байгаа юу?
Нүүрний дасгал өдөр бүр хийх, сар бүрийн орлого, зарлагаа хөтлөх гэх мэт зөндөө суулгаж амжаагүй дадлууд байгаа. Миний бодлоор ийм үед өөртөө зөөлөн хандаж өөрийгөө уучилдаг байх нь хамгийн чухал гэж боддог.Буруутай байх мэдрэмж хамгийн хогийн мэдрэмжүүдийн нэг учраас дадалдаа эргэж ирээд бат суулгахыг хүсвэл алдаж байх үедээ өөрийгөө барьж идэхгүй байх гэж боддог.
Нийгэмд эмэгтэй хүний оролцоог ямар байгаасай гэж боддог вэ?
Нийгэмд эмэгтэйчүүдийн нөлөөлөл хангалттай сайн байгаа гэж хардаг. Гэхдээ зарим нэг цэг дээр тэгш эрхийн асуудалтай тулгардаг нь бол үнэн. Бид эхний ээлжинд өөрсдийнхөө хэмжээнд зөв үлгэр дуурайлал үзүүлээд явж байтал цаашид болох байх гэж боддог. Хийж байгаа зүйл, ажил, салбартаа мэргэшээд хажуугаар нь өөрсдийгөө сайн үнэлж суран, итгэлтэй болсон цагт энэ нөлөөлөл байгалийн жамаараа тэлнэ гэж боддог.