Гэр бүлийн үнэ цэнэ гэж юу вэ?
Гэр бүл гэдэг нь бидний амьдралд хамгийн үнэ цэнтэй чухал зүйлсийн нэг гэдгийг бид бүгд мэднэ. Хамтдаа цагийг өнгөрөөх нь гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг ба эерэг уур амьсгал нь хүүхдийн хөгжилд олон талын ашиг тустай байдаг байна.
Гэр бүл бат бөх байх нь хүүхдэд аюулгүй мэдрэмж өгөхөөс гадна гэр бүлээсээ хайр мэдрэхэд нь тусалж, сэтгэл зүйн хувьд тогтвортой, аливаа асуудлыг даван туулах чадвартай нэгэн болоход тусалдаг байна.Түүнчлэн гэр бүлийн харилцаа эерэг байх нь хүүхдийн өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байдалд нөлөөлөөд зогсохгүй харилцааны чадвартай, амжилттай байхад хөшүүрэг болдог ажээ. Гэхдээ гэр бүлийн харилцаа нь зөвхөн хүүхдийн хөгжил, төлөвшил гэлтгүй гэр бүлийн бүхий л гишүүдэд эерэг мэдрэмжийг төрүүлж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг байх нь чухал юм.
Гэр бүлийн эерэг уур амьсгалыг бий болгох олон арга бий. Үүний нэг нь гэр бүлийн хүрээнд нээлттэй харилцааг бий болгох явдал юм. Ингэснээр гишүүд санал бодол, гомдол, баяр баясгалан гэх мэт мэдрэмжээ ойр дотны хүмүүстээ илэрхийлж, зөрчилдөөнийг хамтдаа шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Өөр нэг арга бол гэр бүлийн бүх гишүүнийхээ амжилтыг урамшуулах. Энэ нь гэр бүл доторх бахархал, эв нэгдлийг батжуулна.
Эцэст нь нас, албан тушаалаас үл хамааран гэр бүлийн гишүүн бүрийг хүндэтгэх нь чухал юм. Мэдээж хүндэтгэл байгаа газар халуун дулаан уур амьсгал, бат бөх харилцаа бас хайр байх юм шүү.