Мэдрэмждээ анхаарал хандуулаагүйгээс хүмүүс маш олон алдаатай шийдвэрүүдийг гаргадаг. Тухайлбал гомдсон мэдрэмжээ бүрэн ойлгоогүйгээс нөхөрлөлөө салгах, уур бухимдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс буруу сонголт хийх гэх мэт. Тэгвэл мэдрэмж гэж юу вэ? Бидний сэтгэл хөдлөлүүд нь даавар болон нейротрансмитерийн нөлөөгөөр үүссэн физиологийн хариу үйлдэл юм. Харин мэдрэмж гэдэг нь энгийнээр аливаа сэтгэл хөдлөлд бид ямар дүгнэлт хийж байгааг хэлнэ.
Мэдрэмжүүд дандаа үнэнийг илэрхийлдэггүй. Өөрөөр хэлбэл бид амьдралынхаа туршид асар олон туршлага, хандлага, үзэл бодлыг цуглуулж ирсэн ч тэдгээр нь алдаатай байх магадлалтай. Тиймээс зарим мэдрэмжид тулгуурласан дүгнэлтүүд биднийг буруу чиглэл рүү залж орхидог.
Үүнээс сэргийлэхийн тулд мэдрэмжийн тэмдэглэлийг ашиглахыг сэтгэл судлаачид санал болгодог. Үүнийг хөтлөхдөө өөрт төрж буй мэдрэмжүүдээ ямар ч шүүлтүүргүйгээр бичиж тэмдэглэнэ. Үүний дараа яагаад ийм мэдрэмж төрөх болсон, энэ мэдрэмж хэр удаан үргэлжилж байгаа, хэр олон давтагдаж байгаа талаар бичээрэй. Үргэлжлүүлэн өөрт төрж буй бодлуудыг үнэн худлаар нь ангилж логик дүгнэлт гаргах гэж хичээгээрэй.
Ийнхүү бичиж тэмдэглэж, өөртөө асуулт тавьж, өөрийн бодлыг олон талаас нь эргэцүүлэн дүгнэснээр та мэдрэмжээ бүрэн ойлгож, түүний цаана байгаа учир шалтгааныг таних боломжтой болно.