Олон асуулт, буруу ойлголтуудыг дагуулсаар явдаг арьс арчилгааны нэгэн чухал алхам бол нарны тос түрхэх юм. Өвлийн улиралд, бүрхэг тэнгэртэй өдөр, гэртээ байхдаа нарны тос түрхэх хэрэггүй гэсэн ойлголт маш их байдаг.
Яагаад арьсаа нарны туяанаас хамгаалах хэрэгтэй вэ?
Нарны олон төрлийн цацраг туяа байдаг. Үүнээс UVB туяа нь арьсны гадаргад нөлөөлж арьс борлох, түлэгдэх нөлөө үзүүлдэг бөгөөд үр дагаварт нь хөгшрөлтийн шинж тэмдгийг ихэсгэдэг. UVA туяа нь арьсны гүнд нэвтрэн, чөлөөт радикалуудыг өдөөн, ДНХ-д нөлөөлж, арьсны хорт хавдар ч үүсгэх боломжтой хамгийн хортой туяа юм. Энэ мэтээр нарны туяа нь арьсны хөгшрөлтийг хурдасгаж, гүн болон хялгасан үрчлээ үүсэх, коллагены нийлэгжилтийг бууруулж, үрэвсэл, нөсөө толбо, арьсны барриерын хямрал зэрэг арьсны олон асуудал дагуулдаг тул эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд арьсаа нарны туяанаас сайтар хамгаалах нь чухал юм.
Ямар нарны тос сонгох вэ?
Нарны тос нь дээрх хортой туяануудаас арьсыг хамгаалах зорилготой бүтээгдсэн бөгөөд тосон дээр байдаг SPF тэмдэглэгээ нь тухайн нарны тос таны арьсыг нарны UVB туяанаас хамгаалах чадварыг илэрхийлэх бөгөөд “SPF 15” нарнаас хамгаалах тос нь хэт ягаан туяаны 93%-ийг, SPF 30 нь 97%-ийг, SPF 50 нь 98%-ийг шүүдэг. Харин PA тэмдэглэгээ нь UVA туяанаас хамгаалах чадварыг илэрхийлнэ. PA тэмдэглэгээний ард 1-4 ширхэг “+” тэмдэг байх бөгөөд “PA++++” тэмдэглэгээтэй нь хамгийн сайн хамгаална гэсэн үг юм. Нарны тосыг сонгоход дээрх тэмдэглэгээг харахаас гадна арьсныхаа онцлог, хэрэглээндээ тохируулан сонгох шаардлагатай. Нарны тос нь найрлагын хувьд минерал буюу эрдэст найрлагатай, химийн найрлагатай гэсэн хоёр төрөл байдаг. Энэ хоёр найрлага нь нарнаас хамгаалах үйлдэл болон арьсанд нөлөөлөх нөлөөгөөрөө ялгаатай. Эрдэст найрлагатай тосны гол хоёр найрлага болох цайрын исэл ба титаны давхар исэл нь арьсны гадаргуу дээр тогтож, арьсны давхаргад нэвтрэхгүйгээр, хэт ягаан туяаг арьсан дээрээс ойлгож хамгаалдаг. Харин химийн найрлагатай (оксибензон, авобензон, октисалат, октокрилен, гомосалат, октиноксатыг) нарнаас хамгаалах тос нь хэт ягаан туяа арьсанд шингэсний дараа хэт ягаан туяаг задлан дулаан болгон хувиргаж гадагшлуулах замаар арьсыг хамгаалдаг. Минералтай нарны тосон дахь хамгийн түгээмэл хоёр бүрэлдэхүүн хэсэг болох титаны давхар исэл ба цайрын ислийг АНУ-ын Хүнс, Эмийн албанаас (FDA) аюулгүй бөгөөд үр дүнтэй гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ төрлийн нарны тос нь химийн орц найрлагаас татгалздаг хүмүүс, эмзэг арьстай хүмүүс болон хүүхэд, меласма өвчтэй хүмүүс тохирох сонголт юм.
Хэр хэмжээгээр хэрхэн хэрэглэх вэ?
Энэ хоёр тос өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Химийн найрлагатай нарнаас хамгаалах тос нь үйлчлэл үзүүлж эхлэх хүртлээ 30 минут болдог, түрхсэн үед арьсанд цайралт өгдөггүй. Минералтай нарны тос нь түрхсэн даруйд хамгаалах үйлчилгээг үзүүлж эхэлдэг тул гадагш гарахаас өмнө 10 минутын өмнө түрхэнэ. Минералын найрлагатай тос илүү өтгөн бүтэцтэй, титаны давхар исэл, цайрын оксид гэсэн цагаан бодис агуулагддаг учраас арьс цайрч харагдуулдаг. Нарны тосоо арьсныхаа онцлогт тохируулан зөв сонгох алхмыг хийсний дараа нарны тосоо тогтмол, өдөр бүр түрхэж дадах нь хамгийн чухал. Өглөө болж тэнгэрт нар мандсан л бол өглөөний арьс арчилгааны алхмуудын хамгийн сүүлийн алхам болох нарны тосоо заавал түрхэж байгаарай.
HabiDo дээрх "Арьсаа хамгаалах дадлыг хэвшүүлээрэй"