Г.Мандухай Сэтгэл судлаач, Optimal NMAX ХХК-н гүйцэтгэх захирал
Өнөөдрийн таныг бий болгоход хамгийн их нөлөөлсөн дадал нь юу вэ?
Одоогоос 5 жилийн өмнө би нэг мэдсэн чинь юм болгоныг бүтэхгүй, эсвэл би чадахгүй дээ гэж боддог болчихсон байсан. Одоо ч хааяа тэр сөрөг бодол маань гарч ирдэг. Гэхдээ тэр үед энийгээ дадал болчихсоныг нь анзаараад өөрчлөх гэж хичээсний үр дүнд “оролдоод үзвэл болно, туршаад үзье” гэсэн мэдрэмж илүү давамгайлах болсон. Өөрөөр хэлбэл, одоо би аливаа зүйлийг илүү “өөдрөгөөр бодох” дадалтай болсон гэхэд болно. Энэ нь намайг шинэлэг, нийгэмд хэрэгтэй ажлуудыг хийхэд ихэд тус болж байгаа гэж боддог.
Энэхүү дадлаа хэрхэн өдөр тутмынхаа нэг хэсэг болгож тууштайгаар хэрэгжүүлж байгаа вэ?
Мэдээж өдөр бүр юм болгоныг өөдрөгөөр харах боломжгүй. Гэхдээ аливаа ажлыг урагшлуулах эсвэл өөрийгөө өөрчлөхийн тулд “чадна, болох байх” гэсэн итгэл, “алдсан ч хамаагүй” гэх зоригийг гаргах л хэрэгтэй. Тэгэхээр би ямар нэг түгшээсэн, шийдвэр гаргах шаардлагатай үеүдэд шууд бууж өгөхөөсөө өмнө, ямар ямар боломж байна, яаж хийвэл болохоор байна гэж олон талаас нь бодож “өөдрөг байх” гэж хичээдэг.
Шантраад эсвэл нэг л эвээ олж өгөхгүй больж байсан дадал байгаа юу?
Эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийхээс авхуулаад зөндөө байгаа. Дасгал хөдөлгөөнтэй байх гэж хичээдэг ч 21 хоног болоод хаячихдаг, тэгээд хэсэг хугацааны дараа ахиад өөр арга барилаар эхлүүлдэг. Надтай адилхан зарим нэг дадлаа тууштай хэрэгжүүлж чадахгүй шантардаг хүмүүс олон байдаг юм байна гэдгийг мэдээд багийнхантайгаа ярилцаад эерэг дадал суулгахад туслах HabiDo аппликейшныг хөгжүүлж эхэлсэн. Хүн бүр өөртөө анхаарах, сайжрах хүсэлтэй байдаг ч дан ганц хүсэл байгаад хангалтгүй, үйлдэл хийх нь хамгийн чухал. Харин эхлүүлэхгүй бодсоор байгаа, эсвэл тууштай байж чадахгүй байгаа бол ганцаараа биш гэдгээ санаарай. HabiDo яг энэ үед л туслах зорилготой учраас өөрийгөө дайчлах, тууштай байхад хамт байж дэмжинэ.
Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн нөлөөллийг ямар байгаасай гэж та боддог вэ?
Би маш олон мундаг залуу бүсгүйчүүдтэй хамт ажилладаг. Тэдний байгууллагадаа, салбартаа мөн нийгэмдээ бүтээж байгаа үнэ цэнэ, хувь нэмрийг хараад бахархдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань яг одоогийнх шигээ тус тусын ажилдаа дуртай, нэг нэгнээ дэмждэг бас зоригтойгоор шинийг санаачилсаар байгаасай л гэж хүсэж байна.